03 сарын 18
Улаанбаатар -3°C

Тэтгэлэг авдаг оюутнууд хөнгөлөлт эдэлсээр байх уу

28/01/2016 10:51

Оюутнууд хичээлээ олигтойхон сурч, тэтгэлэгээ авахын оронд сууж сүрдүүлдэг, өлсөж айлгадаг болоо юу гэлтэй. Юм л бол суулт хийж эсэргүүцнэ, өлсгөлөн зарлана гэх болжээ.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд оюутны хөнгөлөлтийн картнаас болж Монголын оюутны холбооны удирдлагууд нийслэлийн дарга нартай багагүй маргаан дэгдээсэн. Учир нь нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутнуудын эрхийг хотын удирдлагууд хязгаарлаж, тэдний суралцах эрхийг бүдүүлгээр зөрчсөн юм байх. 

Үнэн хэрэгтээ Монголын оюутны холбоо гэдэг байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалж, дээдэлдгийг баргын хүн мэддэггүй. Сургалтын төлбөр нэмэгдэх, автобусны хөнгөлөлтийн картны асуудал зэргээр л ийм байгууллага байна гэдэг нь танигддаг. Бусдаар бол анир чимээгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. 

Гэхдээ хэн нэгэн эрх эдэлж байгаа бол үүрэг хүлээх л ёстой. Яг үүнтэй адил нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутнуудын эрхийг зөрчлөө гээд байгаа ч үнэн чанартаа оюутнуудын тал хувь нь картаа ч аваагүйд л байгаа. Нийт 98 мянга 500 оюутан хөнгөлөлтийн карт авахаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар 47 мянга 877 оюутан картаа авсан байна. Ердөө 50 хувь ч хүрэхгүй байна гэсэн үг. 

Уг нь нийслэлийн хэмжээнд 113 мянга орчим оюутан суралцдаг. Тэдэнд зориулж сард 25 мянган төгрөгөөр тооцон төсвөөс 250 сая төгрөгийн нөхөн олговрыг оюутны холбоонд өгдөг ажээ. Үүнийг нь оюутны холбоо автобус компаниудад хуваарилдаг. Харамсалтай нь нийтийн тээврийн үйлчилгээ төлбөрийн цахим системд шилжсэн нь өнөөгийн асуудлыг үүсгээд буй.

Нийтийн тээврийн хөн­гөлөл­­тийн карт­­наас болж МОХ-ын удирдлагууд Хотын захирагчтай марган, оюутнуудаас уучлалт гуй хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа. Гэтэл оюутнууд нь холбооны удирдлагуудтай хариуцлага тооцох гээд. Үнэндээ цахим картыг тойроод ёстой л гурвалжин, дөрвөлжин маргаан гээч болох нь бололтой. 

Өнгөрөгч долоо хоногийн эхээр оюутнуудыг нийтийн тээврээр хязгааргүй зорчуулахыг уриалж байсан МОХ-ныхон өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан. Гэтэл үнэн хэрэгтээ МОХ-ны удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжихийг мэдсээр байж, 64 мянган оюутнаас хөнгөлөлттэй зорчих 8,900 төгрөгийн үнэтэй картын захиалгыг авчээ. Тэр нь нийтдээ 570 орчим сая төгрөг аж. 

Хэрвээ МОХ нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөж, салбарын сайдын тушаалаар дээрх захиалгыг хийсэн бол өдгөө дахин өөр хөнгөлөлтийн картыг нийслэлээс оюутнуудад тарааж буй нь хачирхалтай асуудал болж хувирна. 

Түүнчлэн нийслэлийн удирдлагууд МОХ дур мэдэн оюутнуудаас мөнгө авч, картны захиалга хийсэн хэмээн тайлбарлаад байгаа. Мөн дээрх карт нь захиалга өгсөн 64 мянган оюутандаа очоогүй. 

Ингээд харахаар оюутнуудын автобусны хөнгөлөл­тийн карт гэдэг нь хэн нэгний халаасыг түнтийлгэх боломжийн хэмжээний мөнгө бололтой. Тиймээс л нийслэлийн удирдлагууд ч, МОХ-ын тэргүүнүүд аль аль өөрсдийн мэдэлд байлгахаар булаалдаж буй хэрэг. 

Ёстой л гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг оюутнууд ийнхүү өөрсдөө хөнгөлөлт эдлэж, цаад утгаараа хэн нэгнийг хөрөнгөжүүлэх шаардлагагүй. Тэд нэгэнт насанд хүрсэн. Энэ нь өөрсдийн эрх, үүргээ ухамсарлах хэмжээнд хүрсэн гэсэн үг. Гэтэл насанд хүрээгүй 12-оос дээш насны хүүхдүүд нийтийн тээвэрт мөнгөө төлөөд зорчдог. 

Оюутан гэж оюунтай хүмүүсийг л хэлдэг хэмээн багш нар сургадаг. 

 
 
 

Ядаж л эрүүл ухамсараар бодоод үзэхэд сурагч, оюутан хоёр ийм энгийн ялгаатай байгаа нь ичмээр явдал биш гэж үү. Сүүлийн үед угаасаа оюутнууд хэт даварч байна гэдэг яриа газар авсан. Учир нь хөнгөлөлттэй зорчихоос гадна “70” мянга гэж сүрхий санхүүжилттэй болсон. Мэдээж тэтгэлэг авч буй нь эцэг, эхчүүдэд сайн л хэрэг. Гэхдээ үнэн хэрэгтээ тэрхүү тэтэгэлэг нэртэй мөнгөөр оюутнууд чухам юу хийдгийг хэн мэдэх билээ. 

Уг нь “70” мянгыг нь голч оноог нь харгалзан үзэж олгоно гэдэг. Тэгэхээр оюутнуудын хувьд унааны мөнгөний хөнгөлөлт эдлэх гэж хэрүүл, маргаан дэгдээж суухаар хичээлдээ олигтойхон шамдаад бүгдээрээ голч оноогоо дээшлүүлэн, тэтгэлэгээ авсан шиг авах боломж нь нээлттэй байна гэсэн үг. Оюутан гэж оюунтай хүмүүсийг л хэлдэг хэмээн багш нар сургадаг. 

Гэтэл одоогийн оюунтай, ирээдүйн эзэд нь ердөө л нийтийн тээврийн хөнгөлөлт эдлэхийн тулд цуглаж, жагсдаг хүмүүс болчихоод байх шиг. 

Үнэхээр оюунтай иргэд бол хөнгөлөлт эдлэх бус харин ч эх орон нь зээлийн өрөнд орчихсон үед аливаа тэтгэлгээс татгалзах чавдартай сэтгэлгээтэй байх учиртай. Харин манайхан бол эсрэгээрээ л авч байж санаа нь амрах шинжтэй болчихож. Тиймдээ л өгөөд байхад ханахгүй, тэмцэж байна. Сурагч, оюутан хоёрын хооронд насны ялгаа байгаатай адил ухамсарын ч ялгаа бий. 

Дунд сургуулийн сурагч автобусны мөнгөгүйгээс санаа зовж, зарим нь гэр сургууль нь хэдий холч автобус явдаггүй гэдэг шалтгаанаар ахдаг тохиолдол бишгүй бий. Гэтэл насанд хүрсэн оюутнууд унааны хөнгөлөлт эдлүүлэхгүй байгаа нь сурах эрхэнд бүдүүлгээр халдаж байна гээд сууж буй нь дэндүү өрөвдөлтэй сэтгэхүй биш гэж үү. 

Өөрөөр хэлбэл хэн, ямар хөнгөлөлт эдлэх вэ гэдгийг бодож, тооцох л хэрэгтэй. Тэгэхгүй бол багш нарын “оюутнуудад нүүр өгч болохгүй, даварчихдаг юм” гэдэг үг биелэлээ олох нь бололтой.

Тэтгэлэг авдаг оюутнууд хөнгөлөлт эдэлсээр байх уу    



Edunews.mn    

28/01/2016 10:51