03 сарын 24
Улаанбаатар -8°C

УЛСЫН ФИЛАРМОНИ 2016 ОНД ЗОРИЛТОТ ЗУРГААН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

28/01/2016 11:05

Монгол улсын филармони иргэд, олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд 2016 онд нийт зургаан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Монгол улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл мэдээллээ.

Филармонийнхан энэ оны нэг, хоёрдугаар сард  Монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж нийт таван тоглолтыг үзэгчдийн хүртээл болгох  замаар үндэсний соёл урлагийн бахархлыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, Монгол хөгжмийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 



Харин гуравдугаар сард гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, үзвэр үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлж нийт дөрвөн тоглолтыг үзэгчдийн хүртээл болгох, хөгжмийн урлагийн ач холбогдлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий  “Бид нэг гэр бүл” төсөл хэрэгжүүлэх юм байна. 

Дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл, сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийт дөрвөн тоглолтыг  зохион байгуулж, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Харин тавдугаар сард хүүхэд багачуудад хөгжмөөр дамжуулан, урлаг гоо зүйн боловсрол олгох нийт дөрвөн тоглолт зохион байгуулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөгжмийн хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах, хүүхдэд зориулсан хөгжмийн бүтээлээр байгууллагын урын санг баяжуулах, ТВ, Радио, цахим орчинд хүүхдэд зориулсан хөгжмийн урлагийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн ертөнц” танин мэдэхүйн зорилтот  төслийг хэрэгжүүлэх юм байна. 



Зургаа, долоодугаар сард гадаад дотоодын аялагч, жуулчдад зориулсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг  нэмэгдүүлж нийт дөрвөн тоглолтыг зохион байгуулах, тэдний оролцоо дэмжлэгт тулгуурлан үндэсний өв соёл, түүх заншлын улбаатай Монгол хөгжмийн  бүтээлийг дэлхийд  сурталчлах таниулах зорилго бүхий “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлэх аж. 

Ингээд  09, 10, 11, 12 дугаар саруудад дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлийн нийт 12 тоглолтыг зохион байгуулж иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амд гоо зүйн боловсрол олгох, урын санг баяжуулах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Дэлхийн хөгжим” төслийг тус тус хэрэгжүүлэхээр болжээ.

УЛСЫН ФИЛАРМОНИ 2016 ОНД ЗОРИЛТОТ ЗУРГААН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ    



Edunews.mn    

28/01/2016 11:05