03 сарын 18
Улаанбаатар -3°C

Б.Эрдэнэчимэг: “Мини театр” төслийн хүрээнд хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ

28/01/2016 11:17

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могой” багийн бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. 

-Алслагдсан бүс нутгийн сургуулийн хувьд багш нарт орчин үеийн мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломж хэр байдаг вэ? 

-Боломжоороо ашиглаад л явж байна. Заримдаа жаахан бэрхшээлтэй байдаг. Манай сумын хувьд Жи мобайлын модемийг ашиглаж, интернэт хэрэглэдэг. Хурд удаантай болохоос хичээлд ашиглаж болох хэрэгтэй материалаа олж аваад л байдаг юм. 

-Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ? 

-Манай сургууль аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайтай Могойн голын нүүрсний уурхайд байрладаг. Цөм хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа. “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг нэлээд сайн хэрэгжүүлсэн. Багш нараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, удаа дараа сургалтад хамруулсан. Мөн хүүхдийн амьдрах чадварыг сайжруулах ажлыг хичээлээс гадуур зохион байгуулдаг. 

-Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? 

-Хүүхэд бүр хөгжиж байгаа. Хол ойроосоо хамаараад хязгаар нутаг гэдгээрээ цаг хугацааны хувьд ялгаатай зүйл бий.  Гэхдээ багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй учраас цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэрхшээл алга. 

-Танай сургууль хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд хэр анхаардаг вэ? 

-Бүх бололцоогоо дайчлан сургуулиа тохижуулдаг. Хөвсгөл аймаг хүүхдэд ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу сургуулийн гаднах талбайгаа хүүхдэд ээлтэй байдлаар тохижуулсан. Мөн хүүхдэд ээлтэй дотуур байр, хүүхдэд ээлтэй анги танхим тохижуулаад байна. 

-Төсөл хөтөлбөрүүдэд танай сургууль хэр хамрагдаж чаддаг вэ. “Мини теарт” төслийн хүрээнд юу хийх вэ? 

-Манай багш нарын боловсруулсан “Мини театр” төсөл шалгарсанд сэтгэл өндөр байна. Бид өмнө нь төсөл хөтөлбөрт төдийлэн хамрагдаж байгаагүй. БСШУЯ-наас 2014 онд хэрэгжүүлсэн “Багц хөтөлбөр”-т хамрагдсан.

“Мини театр” төслийн хүрээнд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, жүжиглэж, дүр хувирах чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Зургаан сая төгрөгийг эвтэйхэн зарцуулж чадвал боломжийн санхүүжилт болно. 

Б.Эрдэнэчимэг: “Мини театр” төслийн хүрээнд хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ    



Edunews.mn    

28/01/2016 11:17