03 сарын 18
Улаанбаатар -3°C

Б.Цолмон: ОХУ-д сурч буй Монгол оюутнууд их хатуужилтай, мэрийлттэй суралцдаг

28/01/2016 11:23

Гадаадад сурч буй Монгол оюутнууд. Хаана ямархан байдлаар уулзсан ч тэд ер бусын хичээмтгий агаад олон нийтийн ажилд идэвхтэй оролцох хүсэлтэй байдаг нь анзаарагддаг. Ялангуяа эх орондоо өрнөж буй нийтийн чиглэлтэй ажлуудад бүхий л талаар оролцож, хуний нутагт суралцаж буй нөхдүүддээ ч мөн хань бараа болж явах. Тэдний нэгэн нөлөөлөл болох ОХУ дахь МОХ-ны тэргүүн Б.Цолмонтой ээлжийн амралтаараа эх орондоо ирээд байхад нь холбооных нь талаар ярилцлаа.

-ОХУ-д манай улсын хэчнээн оюутан суралцаж байна вэ?

-ОХУ-д манай улсын 5,000 орчим оюутан суралцдаг. Гэхдээ тархалтын хувьд харилцан адилгүй. Тухайлбал, Москва хотын 46 их дээд сургуульд манай улсын оюутнууд суралцаж байхад нэг хотод нэг л монгол оюутан суралцдаг тохиолдол ч бий.

Тэдэнд элдэв асуудал тохиолдлоо гэхэд эх орноос нь хэн ч мэдэхгүй байх эрсдэлтэй. Тийм ч учраас бид тэдгээр оюутнуудыг олж, харилцаа тогтоон, сургуулийн удирдлагуудтай нь хүртэл холбогдох замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ер нь 25 хотын монгол оюутнуудтай бид харилцаатай ажилладаг.

Анх 1990 оноос эхлэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, эдийн засагч, “Де-Факто” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан нар ОХУ дахь МОХ-ны салбар байгууллагыг удирдаж байсан түүхтэй. Харин энэ залгамж халааг үргэлжлүүлэн, 2009 онд Москва хотод “Монгол оюутны хөгжлийн төв” гэж байгуулагдсан байдаг.

Улмаар 2013 онд МОХ-ны ОХУ дахь салбар байгуулагдаж, тамга гэрчилгээгээ гардан авсан. Эдүгээ тэргүүн Б.Цолмон миний бие, Дэд тэргүүн Б.Зориг, Нарийн бичгийн дарга Г.Цэлмэг, Б.Намуун нар Удирдах зөвлөлийг бүрдүүлэн, Г.Адьяажав, Ж.Содонбал нарын шилдэг судлаачид Хяналтын зөвлөлд тус тус ажиллаж байна.

-Оюутнууд руу чиглэсэн тогтмол үйл ажиллагаа явуулж байна уу?

-ОХУ дахь МОХ нь Соёл хүмүүжлийн алба, олон нийттэй харилцах алба, гадаад харилцааны алба, эрдэм шинжилгээ судалгааны алба гэсэн дөрвөн үндсэн албатай. Эдгээр дөрвөн алба нь өөр өөрийн гэсэн тогтмол явуулдаг үйл ажиллагаатай. Тухайлбал, Соёл хүмүүжлийн алба нь “Дэвжээ” буюу КВН тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ жилээс Монгол оюутнуудыг хямдралтай үнээр сонгодог урлагийн тоглолт үзүүлэх ажлыг санаачлан, 250 рублиэр нэг удаагийн тоглолт үзүүлж байгаа.

ОХУ-д сонгодог урлаг нь маш өндөр үнэ бүхий тасалбартай байдаг.

 
 
 

Одоогоор 150 орчим оюутан хамрагдсан байна. ОХУ-д сонгодог урлаг нь маш өндөр үнэ бүхий тасалбартай байдаг. Монгол мөнгөөр тооцвол 30-120 мянга хүртэл төгрөгөөр үнэлэгдэх жишээтэй. Мөн энэ жилээс “Би Монголын бахархал” нэртэй урлагийн наадмыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан. Энэ наадмыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Энэ нь зөвхөн нэг албаны үйл ажиллагаа гэхэд муугүй санагдлаа. Мэдээллээ ямар байдлаар түгээдэг вэ?

-Мэдээллээ “ОХУ дахь Монголын оюутны холбоо” гэсэн фэйсбүүк хуудсаар түгээдэг. Мөн ОХУ-д сурдаг оюутнуудын групп бий. Манай оюутнууд холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжсээр ирсэн. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд сайн үйлсийн аянд идэвхийлэн оролцдог.

Мэдээлэл нь мөн л фэйж хуудсаар түгээгддэг. Яагаад бид оролцож болохгүй гэж, бид чинь ижилхэн л монгол оюутнууд, Монгол залуус гэсэн сэтгэлээр ханддаг. 2013 онд “Халуун сэтгэл” ТББ-аас санаачилсан н.Баярмаа эмээг гэртэй болгох аян, “Залуусын давалгаа” ТББ-тай хамтран “Хулан охинд тусалцгаая” зэрэг аянуудад идэвхтэй оролцоцгоосон.

-Ирээдүйд үүнийг л нэг ажил хэрэг болгочих юмсан гэх гол онцлох ажлаасаа нэрлээч?

-ОХУ-ын аль нэг том номын санд Монгол номын тасаг нээх санаатай байгаа. Уг нь ЭСЯ дээр Монгол номын сан байсан юм билээ. Одоо бол байхгүй. Нэгэнт бид номын сан барьчихаж чадахгүй. Тиймээс томоохон номын санд Монгол номын тасаг нээснээр монголчууд маань төрөлх хэлээрээ ном, зохиол унших боломж бүрдэнэ гэж харж байгаа. Бид энэ саналаа ЭСЯ-даа тавьж, маш нааштайгаар хүлээж авсан.

-Оюутны холбоо нэлээд ажлуудыг тогтол хийгээд явдаг юм байна. Тэгэхээр санхүүжилтийн асууддаа яаж шийддэг юм бэ?

-Бидэнд санхүүжилт байхгүй. МОХ-оос санхүүжилт авдаггүй, бүрэн бие даасан байдгаар асуудлаа шийддэг. Ерөнхийдөө бидний үйл ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Консулын хэлтэс, Эрдэнэт үйлдвэр, УБТЗ, МИАТ, н.Амарбаясгалан захиралтай “Мөнх тэнгэр” ТББ-ууд дэмжиж ажилладаг.

-Санхүүжилт хүссэн саналыг тань хэр нааштай хүлээн авдаг бэ?

-Бидний саналыг маш их дэмждэг. Жил бүр тогтмол явуулдаг тэмцээн, олон нийтийн ажлаа үргэлж энэ хүрээнд шийдсээр ирсэн. Ялангуяа ЭСЯ-тайгаа бид маш нягт хамтран ажилладаг. Боловсрол хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа эгчтэй Монгол оюутнууд их ойрхон ажилладаг. Ц.Сайнсанаа ЭСЯ-ны дэргэдэх “Монгол оюутны зөвлөл” гэж байгуулсан. Энэ зөвлөлд манай холбооныхон байдаг.

Ер нь ОХУ дахь Монголын Оюутны Холбооны зорилго нь Оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, бие даан хөгжих бүхий л нөхцөл бололцоог хангаж амжилттай суралцах цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, хууль эрхзүйн үндсээр аюулгүй байдлыг хамгаалах, Орос Монгол хоёр орны найрамдлыг бататгах олон талт үйл ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран бэхжүүлэхэд оршдог юм.

-Манай залуус ОХУ-д ихэвчлэн ямар мэргэжлээр суралцах гэж очиж байна?

-Ер нь инженерийн чиглэлээр хамгийн олноороо суралцдаг. Цэрэг цагдаа, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцах гэж нэлээд залуус очдог.

-Оюутнуудад тулгардаг хамгийн гол бэрхшээлийн талаар. Шийдэхэд хүндрэлтэй ямар асуудлууд үүсдэг вэ?

 -Нэг их айхтар хүнд асуудал гараад байдаггүй. ОХУ-д суралцахаар ирж буй оюутнууд хамгийн түрүүнд тухайн сургуульдаа хандан хилийн дээс алхсанаас хойших долоо хоногийн дотор бүртгэл хийлгэх шаардлагатай байдаг. Уг бүртгэлийг заавал хийлгэх ёстой гэдгээ мэдэхгүй явж байгаад, паспортон дээрээ хар тамга даруулах харамсалтай тохиолдол гардаг.

Уг нь эндээсээ мэдээлэлтэй явах учиртай. Энэ мэт энгийн мэдээллээс хоцорсноос үүдэн, заримдаа асуудал үүсэх тохиолдол бий. Гэхдээ бид энэ тал дээр анхаарч ажиллаж, аль болох асуудал үүсгэхгүй байхыг хичээдэг. Тухайлбал, дэлхийн 120 оронд нийт 42 мянган хямдрал эдэлдэг картыг Монгол оюутан залуустаа мэдээлж, олгодог. Ерөнхийдөө тухайлсан ажлуудыг нэр бүхий тэргүүлэгч гишүүд яг биечлэн хариуцаад явахаар асуудал бага гардаг юм.

-Оюутнуудад ажил хийх боломж хэр байдаг вэ?

-ОХУ-д улсад суралцаж буй ихэнх залуус В.Путины тэтгэлгээр суралцдаг. Тэтгэлэгт сургалтын төлбөрөөс гадна хөнгөлөлттэй үнэ бүхий байр, сард тодорхой мөнгөн урамшуулал багтдаг. Бидэнд цаанаас өгдөг стипенд Монгол мөнгөөр 30 орчим мянган төгрөг. Энэ мөнгөөр бид зөвхөн интернетийн төлбөрөө л төлж хүрэлцдэг. 

Тэр ч үүднээс ажил хийх сонирхолтой залуус өчнөөн олон бий. Гэхдээ ОХУ өөрөө Солонгос юм уу, Америк шиг сураад ажил хийхэд тохиромжтой орон биш. Ажлын байрны олдоц их муу. Ер нь ажил хийдэггүй гэж хэлж болно. Манай улсын ЭСЯ нэлээд удаан хугацаанд хөөцөлдсөний дагуу оюутнууд ажил хийх боломж нээлттэй болсон. Гэхдээ санааны зоргоор ажил олддоггүй юм.

-Оюутнууд гэмт хэрэгт холбогдох, сургуулиасаа элдэв шалтгааны улмаас чөлөөлөгдөх асуудал гардаг уу?

-Янз бүрийн асуудал хааяа гардаг л байх. Энэ тохиолдолд ЭСЯ-даа ханддаг. Иргэний хэрэг хариуцдаг гэдэг утгаараа ЭСЯ, Консулын газар элдэв асуудал дээр үнэхээр сэтгэл гарган, хөөцөлдөж өгдөг. Өөр хотоос хандсан тохиолдолд мөн л Консулын хэлтэст хандаад, зөвлөгөө авдаг.

-Монголд сурч байгаа оюутнууд болон та бүхний хооронд хөндлөнгөөс ажиглахад сэтгэлгээний хувьд ялгаа байна уу?

-Монголд сурч байгаа оюутнууд маань 70 мянган төгрөг авч байна.Аав, ээжийнхээ хажууд байна. Хүмүүс ярьдаг шүү дээ, ОХУ-д яаж сураад байна аа гэж. Гэхдээ бид болоод, сураад явж байна.  

Монгол оюутнуудыг оросууд их хатуужилтай гэдэг. Дээрээс нь яагаад ч юм монгол оюутнууд их онц сурдаг. Нэн ялангуяа цагдаа, цэргийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд дандаа ротын дарга, шилдэг тамирчид болчихсон явна. Өөр чиглэлээр ч сурдаг оюутнууд мөн Олон улсын хурал семинар, тэмцээнд оролцоод түрүүлээд явдаг.

Тийм болохоор найрамдалт харилцаагаа санасан орос багш нар хөдөлмөрч, мэриймтгий монгол оюутнуудад хайртай байдаг юм.

-Төгсөж ирээд ажлын байрны олдоц хэр байна?

-ОХУ-д Монгол оюутнууд маш нарийн мэргэжлээр суралцаад ирдэг. Мэдээж эх орондоо хэрэгтэй, сайхан мэргэжил эзэмшээд ирсэн улс сайн ажил хийх ёстой гэж би хувьдаа боддог юм. Ажил олддоггүйдээ биш тухайн залууг ямар нарийн мэргэжлээр суралцаад ирснийг ажил олгогч мэдэхгүй байгаад л гол асуудал байна.

Тиймээс ч энэ жилээс БСШУЯ болон холбогдох газруудтай ярилцаж байгаад тухайн жилдээ ОХУ-д их, дээд сургууль дүүргэж байгаа нийт залуусын нэгдсэн мэдээллийг албан ёсны сайтад байршуулах ажлыг зохион байгуулахаар ярилцаж байна. Ийм хэлбэрт ороод ирэхээр ажил олгогч тал хүссэн мэргэжлээрээ ОХУ-д төгссөн залуусыг ажиллуулах боломж бүрдэнэ.

Б.Цолмон: ОХУ-д сурч буй Монгол оюутнууд их хатуужилтай, мэрийлттэй суралцдаг    



Edunews.mn    

28/01/2016 11:23