03 сарын 18
Улаанбаатар -3°C

АСЕМ-д зориулан агаарын хөлгийн 9 зогсоол шинээр бий болгожээ

09/04/2016 11:59

 

Ази-Европын 11 дүгээр дээд түвшний уулзалтад оролцох зочид төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх буудалд хүлээн авах бэлтгэл ажлын явцын талаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал, Төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр нарын хийсэн мэдээлийг хүргэж байна.

АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг тус газраас боловсруулж батлуулжээ. Уг төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 74 хувьтай байгааг мэдээллийн эхэнд онцоллоо.

АСЕМ-ийн өмнөх хурлуудын жишгээр дээд хэмжээний уулзалтын үеэр нийт 30 орчим агаарын хөлөг буудаг аж. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүчин чадлаа нэмэхийн тулд хөөрч буух хатуу хучилттай зурвасны хүчитгэлийн 500 метрын болон перроны өргөтгөлийн ажлыг хийж дуусгажээ. Мөн “4С” ангиллын агаарын хөлгийн есөн шинэ зогсоолыг бий болгосноор “Чингис хаан” олон улсын нисэх буудал 34 агаарын хөлгийн зогсоолтой болсон байна. Үүнээс гадна БНХАУ-ын талаас буцалтгүй тусламжаар 4 төрлийн 11 газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийг авах болсноос гадна Хөшигийн хөндийн нисэх буудлын газрын үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг онцгой үүргийн нислэгүүдэд ашиглахаар төлөвлөжээ.

Мөн цагт 1200 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай дамжин өнгөрөх танхимыг бий болгож, бизнесийн, тээшний, явагчийн танхим болон онгоц руу орох хүзүүвч хоолойнд засвар, тохижилт хийж байгаа бөгөөд ирэх сарын 20-нд бүрэн дуусгана гэв. Зочид төлөөлөгчдөд зориулан олон тооны чиглүүлэх, танилцуулах самбаруудыг байршуулж, буцахад нь агаарын хөлөгт суух тусгай гарц /line/-уудыг төлөвлөжээ.

Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төрийн тусгай хамгаалалт, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

АСЕМ-ийн үеэр ирэх агаарын хөлгийн сумалгаанд нийт 1100 тн онгоцны шатахуун шаардлагатай бөгөөд үүнийг дотоод нөөц бололцоогоороо хангах боломжтой гэж үзэж байгаа аж.

Орон нутгийн нислэгийн АСЕМ-ийн дээд түвшний хурлын үеэр буюу долдугаар сарын 15-16-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудал түр зогсооно. Гэхдээ орон нутгийн нислэгийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Налайх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамны харьяа аэродромыг ашиглахаар зохион байгуулалт хийж байгаа юм. Харин бусад салбар хуралдаануудын үед орон нутгийн нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хэвийн үргэлжилнэ.

Эх сурвалж: http://montsame.mn/

АСЕМ-д зориулан агаарын хөлгийн 9 зогсоол шинээр бий болгожээ    



Edunews.mn    

09/04/2016 11:59