03 сарын 24
Улаанбаатар -8°C

Хүүхдээ бие мах бодын шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе

15/04/2016 19:53

 

"Булшин дээрээ унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамна."  /Пифагор/

Хүүхэд ч гэсэн хүн гэдэг ойлгомжтой ч бид яагаад ч юм “хүүхэд”, “хүн” хоёр өөр мэтээр хандах дуртай. Хэн ч бусад хүний эрх, эрх чөлөөнд халдах эрхгүй байдаг шиг хэн ч хүүхдийн эрхэд халдах ёсгүй юм. Яагаад гэвэл хүүхэд ч насанд хүрэгчдийн нэгэн адил халдашгүй дархан байх эрхтэй! Хүүхэд өөрийнхөө хийсэн хэргийн үр дагаварыг ойлгож мэдрэх ёстой, харин үүнийхээ төлөө зодуур амсах эрхгүй.

 

                   Ямар ч шийтгэл хэзээ ч эерэг үр дүнд хүрдэггүй. 

Ялангуяа, бидний түгээмэл хэрэглээд байгаа бие махбодын шийтгэл нь хүүхдэд ухамсрын бус айдсын хүмүүжлийг суулгахын хажуугаар сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Тиймээс ч шийтгүүлсэн хүүхэд буруу зүйл хийснээ ойлгож ухаарах биш учрыг нь олохгүй хий дэмий айх эсвэл өөрийгөө зөвтгөх, буруу хэргийнхээ төлөө уучлал гуйхын оронд өс хонзон санахал хүргэдэг.

 Шийтгэл хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ? 

- Эцэг эх нь хүүхэддээ бие махбодын шийтгэл үзүүлэхдээ түүнд хор хохирол учруулъя гэж боддоггүй ч түүний улмаас хүүхэд бие махбод болон сэтгэл санааны эмгэгтэй болох, амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг

- Эцэг, эхдээ зодуулдаг хүүхэд тухайн үед гэмшсэн, ухаарсан мэт байвч алганы амт хүүхдийн хөгжил, зан байдалд сөргөөр нөлөөлдөг

- Зодуулж дарамтлуулдаг ихэнх хүүхэд аймхай, өөртөө итгэлгүй, хөгжил дорой, өөрийгөө илэрхийлэх хүсэл чадваргүй болохын зэрэгцээ ууртай, хэрцгий болдог. 

- Эцэг, эхдээ зодуулж, доромжлуулдаг байсан хүүхдийн ихэнх нь бусад хүмүүстэй эерэг харилцаа үүсгэхдээ муу, том болоод гэр бүлийнхнийгээ айлган сүрдүүлж, хүчирхийлэх магадлалтай байдаг.

- Хамгийн харамсалтай нь сул дорой нэгэндээ хүч чадалтай нь хүч хэрэглэж, өөрийнхөө эрхшээлд оруулж болдог юм байна гэдэг ойлголтыг хүүхдүүд хамгийн ихээр хайрлаж хүндэлж явдаг эцэг эхийнхээ зан үйлээс суралцдаг юм. Энэ нь гэр бүл болон нийгэмд хүчирхийлэл үе залгамжлан тасралтгүй үйлдэгдэх үндэс болдог.

- Хийсэн хэргээ зодуураар цайруулж сурсан хүүхэд дараа дахин буруу үйлдэл хийхдээ ямар нэгэн буруу зүйл хийж байна гэдгээ ухааралгүйгээр давтан үйлддэг. Иймээс хүүхдийг зодох нь хүүхдийн эрхэнд халдаж буй хэргээс гадна тэдний хүмүүжил, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм.

Түүнээс гадна хүүхдээ зодож, аашилсаны дараа хэнд ч эерэг сэтгэгдэл төрж, эерэг энерги хурдаггүй.

 

Доорхи аргууд таньд тус болно гэж найдаж байна.

1. Хүүхдийн дэргэд уураа гаргахгүй тэвчиж сур.

2. Дургуйцэж байгаагаа маш ойлгомжтой илэрхийл

3. Хүүхдээсээ юу хүсч, хүлээж байгаагаа ойлгуул мөн тэднийг ойлго.

4. Алдаагаа яаж засаж болохыг хүүхэддээ хэлж өгөх

5. Хүүхдээрээ сонголт хийлгэ, түүнд анхаарал халамж тавь

6. Ямар нэгэн хориг тогтоогоод үз, хамгийн гол нь түүнтэй ярилц.

Эх сурвалж: bumbaalai2001.blog


 

Хүүхдээ бие мах бодын шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе    



Edunews.mn    

15/04/2016 19:53