03 сарын 18
Улаанбаатар -3°C

Элсэгчдийн бүртгэл энэ сарын 25-нд дуусна

20/04/2016 01:45

     

 Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл ирэх долоо хоногт буюу энэ сарын 25-ны орой 18:00 цагт албан ёсоор дуусна. Тиймээс  бүртгэлийн явц болон элсэгчдийн анхаарах шаардлагатай зарим зүйлсийн талаар БҮТ-ийн ХМОНХ мэргэжилтэн З. Цолмончимэгээс  тодруулсан юм.

 

Шалгалтын бүртгэл 85 хувьтай байна

          Энэ жил 36 мянга гаруй  хүүхэд  элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Шалгалтын цахим бүртгэл 70 гаруй хоног үргэлжилнэ. Одоогоор бүртгэлийн явц 85 хувьтай үргэлжилж байна. Бүртгэлийн хугацаа дуусахад цөөхөн хоног үлдээд байгаа учир элсэгчид маань хугацаандаа амжиж бүртгүүлээрэй гэдгийг албаныхан хэлж байна. Элсэгчдийг уламжлал ёсоор  www.eec.mn   цахим хаягаар бүртгэж байгаа бөгөөд шалгалтын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498 дугаарын утсаар асуугаарай гэдгийг элсэгчдэд анхааруулсан. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж  шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас  700 төгрөг байгаа аж. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж  хуудастай  байна.  Шалгалтынхаа хураамжийг  төлсөн тохиолдолд цахимаар бүртгэнэ.  Харин заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж   авахгүй гэдгийг БҮТ-ийнхөн хэлж байв.   

Суудлынхаа хуваарийг www.eec.mn сайтаас хэвлэж аваарай

       Бүртгэл нь амжилттай болсон сурагчид одоо суудлынхаа хуваарийг хэзээ авах вэ гээд хүлээж суугаа. Тэгвэл шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэж аваарай гэсэн. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг /хот/-ынхоо  ЭЕШ-ын байранд шалгалт өгөх ажээ. Шалгалтанд орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг бүрдүүлж ирэх шаардлагатай. Хэрэв  цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2016 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх сурагчид сурч буй сургуулийнхаа захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ гэдгийг анхаараарай. Учир нь бичиг баримтаа дутуу бүрдүүлж ирэх, шалгалт өгөх байраа олохгүй төөрч будилах зэргээс үүдэж, шалгалт өгөх цагаас хоцрох үзэгдэл цөөнгүй гардаг гэв.

Шалгалтын зөв хариу хэзээ гарах вэ?

       ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. Харин шалгалтын дүн, оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлана гэсэн. Монгол хэл, бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж хуудсыг долдугаар сарын 5-наас өмнө тараана гэв.

Эх сурвалж:  www.edunews.mn

.

 

Элсэгчдийн бүртгэл энэ сарын 25-нд дуусна    



Edunews.mn    

20/04/2016 01:45