03 сарын 24
Улаанбаатар -8°C

Дипломоо хэрхэн амжилттай бичих вэ?

22/04/2016 15:13

Дипломоо хаанаас нь эхлэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа хүмүүст судалгааны ажил буюу дипломоо 14 хоног хийгээд ангийнхнаасаа хамгийн сайн оноог авч төгссөн нэгэн хүний зөвөлгөөг хүргэж байна.

...Зүгээр л бичихдээ, түүнээс өмнө бичих юмсан гэж “шаналж явсан” сар хагасынхаа “зовлон”-г тайлагная гэж бодсон юм. Яагаад гэвэл хэн ч дипломоо бичихдээ юу юуг туулснаа дэлгэрэнгүй ярьж өгдөггүй ба үүний тухай нийтлэл ч үгүй. Харин би нэг бүрчлэн бичих болно. Диплом бичих гэж байгаа, эсвэл бичих хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү?

1. Хамгийн эхний асуудал бол дипломын сэдэв 

Манай сургуулийн хувьд намар сонгуулсан бөгөөд 30-аад сэдэв дундаас өөрийн ажиллаж буй салбараа бодоод, бас бичихэд сонирхолтойг нь төсөөлөөд л надад нэлээдгүй ойр санагдсан нэгийг сонгочихсон юм. Тэр бол “PR-ийн шинэ технологи, хөгжлийн чиг хандлага”. Яг юу хийхээ мэдэхгүй байсан боловч ямартай ч өөртөө их л ашигтайг сонголоо гэж хөөрцөглөөд додигор өнгөрсөн. Шинэ жил боллоо, ажлынхантайгаа амралтаар явлаа, баярлалаа, он гарлаа, гадагшаа хувийн ажлаар явлаа, Цагаан сар боллоо, Март-8 боллоо, миний төрсөн өдөр боллоо, за тэгтэл л асуудал эхэлдэг юм байна. Ангийнхан маань дипломын судалгаагаа хаанаас авч байгаагаа, багштайгаа хэзээ яаж уулзсанаа фейсбүүк дэх групптээ бичээд эхэллээ шүү. Хэрхэн амжилттай хийж байгаагаа бичсэн тэдний постыг харах бүрт зүрхээр нэг л хүчтэй зүйлд цохиулж байгаа мэт мэдрэмж зурсхийх ба тэр болгонд “За яах вэ, 4 сар эхлэхээр л яг хийж эхлэнэ. Гялалзуулна” гэж дотроо бодож суулаа. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй л яваад байгаа ч ямартай ч багштай уулзахад ямар нэгэн учир олдож, учиг тайлагдана гэж итгэлээ.

2. Багш 

Сургуулиасаа шалтгаалаад багш нарын оюутныхаа дипломонд анхаарах хэмжээ нь өөр байдаг юм шиг санагдсан шүү. Дипломын удирдагч багш маань миний сэдвийн талаар маш их мэдлэгтэй, өөрөө хэд хэдэн ном гаргасан “акул” л даа. Гэхдээ бидэнд нэг л ижил давуу болон сул тал бий. Тэр бол бид хоёр хоёулаа энэ чиглэлээр ажилладаг ч бараг л давхар ажил хийдэг мэт гайхалтай завгүй хүмүүс байсанд оршиж байв. Өөрөөр хэлбэл багшид удаан уулзах боломж хомсоос гадна надад байнга араас нь хөөцөлдөж, “чаргууцалдах” нөөц бололцоо байхгүй гэсэн үг л дээ. Гэсэн ч хэнэггүй надад яг л таарсан аргыг багш маань хэрэглэсэн бөгөөд богино хугацаатай гурван удаа, дипломын жинхэнэ хамгаалалтын өдөртэй нийлээд дөрвөн удаа уулзсан билээ. Эхнийх нь өөрийгөө мэдэгдэж, дипломын сэдвээ танилцуулсан 5 минутынх, дараагийнх нь үнэхээр хийнэ гэдгээ амлаж, доторх бүлэг, сэдвүүдээ тохирсон 25 минутынх, гурав дах нь эхний бүлгээ хийчихээд үзүүлсэн уулзалтууд байв. Сүүлийнх эхний хоёроо бодвол урамтай нь аргагүй бүтэн цаг үргэлжилсэн ба багш ахин “амьд” уулзалт хийхгүй гэдгээ хэлээд бүрэн дипломоо мейлээр явуулахыг тушаасан юм. “Юу байсан юм бэ? Нэг л хоногийн ажил ш дээ” гэж намайг урамшуулаад багш ажил руугаа яаран гарч одлоо.

3. Бичээд эхэлчихсээн... 

Би уг нь тийм ч муу оюутан биш л дээ. Зүгээр л цаг нь тулаагүй зүйлд заваа зориулахдаа сайн биш гэвэл илүү тохирох байх. Иймээс л дипломын урьдчилсан хамгаалалт 5 сарын 9 гэдгийг анх сонсоод борхон зүрх минь тог тог хийж “За одоо л хийж эхлэхгүй бол болохгүй нь” гэдэг сэрэмж бодитоор туссан юм даа. Ингээд 5 сарын эхээр шууд шийдэн ажлаа гурван хоногт шахаж хийгээд чөлөө авч, сургуулийнхаа номын санд сууж эхэллээ. Ямар ч ажлын эхлэл л хэцүү байдгийн дагуу юу хийхээ мэдэхтэйгээ болсон ч яаж бичихээ мэдэхгүй эхний хоног дэлгэцээ ширтэж, гөлөрсөөр өнгөрөв. Ер нь бол сэдвийнхээ дагуу номнууд уншиж, ерөнхий тойм, баримжаа авсан гэх үү дээ. Харин хоёр дах өдрөөс л овоо зориг орсон бичигч маань хүн болгон мэдэхүйц зохих үнэнээс эхлүүлэн нэгдүгээр бүлгээ бичиж гарав. Үнэнийг хэлэх үү? Эхлүүлсэн ажил заавал цаашаа өрнөдөг юм билээ. Өрнөх тусам гарт орж, бодож, бичиж байгаа зүйлдээ дурлахын хажуугаар хүүхэд өсгөж буй мэт л түүндээ бүтээлч хандахыг нь яана!

4. Имиж буюу онцлог 

Надад баримталдаг нэг зарчим байдаг юм.Тэр бол миний хийсэн, миний гараас гарсан л бол гарцаагүй сайн бүтээл байх ёстой гэдэг зарчим. Хугацаа нь арай л тулсан, хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй диплом байсан ч ялгаагүй. Ихэнхдээ дипломууд хэт номын хэллэгтэй, энгийн хүн уншихад хүртээмжгүй байдаг ч минийх хөгжилтэй, хэн ч уншаад санал шүүмжлэлээ хэлж болдог сонирхолтой байгаасай гэж би хүсэж байв. Хэн ч хэрэглэдэггүй, хав дарсан зүйл болгох тухай төсөөлөө ч үгүй. Ингээд цаг давчуу байсан ч санаандаа хүртэл хийхээр сэтгэл шулуудан бага зэрэг удаан ч илүү бүтээлч арга барилыг сонгосон юм. Хэр уншууртай байгааг шалгахын тулд нэмсэн хэсэг бүрээ “Диплом бол чиний шинээр бий болгох нээлт, эрэл хайгуул” гэж хэлсэн найз залуудаа бас гэртээ ирээд “За хэдэн хуудас нэмсэн?” гэж асуудаг ээждээ өгч уншуулж байлаа.

5. Жинхэнэ хамгаалалт! 

Бүтэн 14 хоногийг үүгээр амьсгалж, бодож унтаж, сэрж хийсэн болохоор өөртөө сэтгэл хангалуун үлдэхийг л гол зорилгоо болгосон юм. Сүүлийн таван хоног усанд ороогүй бөгөөд гэрээсээ хамраа ч цухуйлгасангүй. Шүүмжлэгч багшдаа өгөх өдрийн өглөө нь хүртэл дипломондоо “Зарим үгсийн тайлбар” хэмээх гадаад нэр үгсийг утгачлан тайлсан хэсэг нэмээд үнэхээр л сүүлийн мөчид нь аваачиж өгсөн билээ. Харин жинхэнэ хамгаалалтын өмнөх өдөр болоход дипломоо хамгаалж юу ярихаа ч бэлдээгүй ба энэ хугацаанд өөрийн хийсэн хичээл зүтгэлдээ итгээд шууд унтаад өгсөн. Маргааш нь хүүхдүүд гурван хуудас илтгэлээ анхааралтайгаар уншиж цээжилж байхад ч надад дипломоо ахин нээх, эргүүлэх хүсэл төрөөгүй юм. Би зүгээр л ороод ямар нээлт хийснээ танилцуулахыг хүсэж байлаа.

6. Хүссэн үр дүн 

Одоо ярих зүйл маань өөрийгөө хэт өндрөөр үнэлсэн сонсогдож магадгүй шүү. Гэхдээ энэ миний буруу биш ээ. Би угаас жаахан бардам хүн. Юу вэ гэвэл дипломонд маань 98A гэдэг дүн тавьбал харамсах зүйлгүй гэж бодож байлаа л даа. Харин “Зарим үгсийн тайлбар” хэмээх хэсгийг өглөө босч нэмснээсээ хойш “100A, 100A!” л гэж дотроо хашгирч байв. Мэдээж би хүссэн үр дүнгээ авсан. Ингэхийн тулд индрийн өмнө гараад зоригтойгоор өөрийгөө илэрхийлсэн юм. Тэд бүгд миний 55 хуудастай дипломыг харах төдийд л сайн болсон эсэхийг нь хэлж мэдэхгүй учир юун түрүүнд байдлыг гартаа авсан, хийж байгаа зүйлээ мэддэг гэдгээ харуулахыг хичээсэн юм. Тиймээс сандарч тэвдэхийн оронд “Би дүгнэлт болгож нэг л зүйлийг хэлмээр байна” гэсэн шүү кк.

7. Нэмэлт

Диплом хийж байхад байна ш дээ, диплом хийхээс бусад бүх зүйлийг хиймээр санагддаг юм байна лээ. Шинэ ирсэн киног дараалуулан үзмээр санагдана, кофе уугаад сэтгүүлийн хуудас эргүүлмээр санагдана, худалдаж авсан номоо уншмаар болно, гадуур зугаалмаар санагдана, өсгийтэй гутал өмсөж, гоёл чимэглэл зүүчихээд найзуудтайгаа гарах юмсан гэж бодно, зүгээр л хийх ажилгүй, аминд тулсан даваагүй орон дээрээ хэвтээд л хэвтээд л байх юмсан гэж гиюүрнэ. “Диплом л биш бол өөр юу ч байсан...” гэдэг мэдрэмж байн байн орж ирж үймүүлээгүй бол 14 хоногоос ч бага хугацаанд дуусах байсан юм бил үү, хэн мэдлээ? Гэхдээ унтаагүй шөнүүдийнхээ хойноос одоо би харамсахгүй байна аа. Яагаад гэвэл диплом бичээд, амжилттай хамгаалсны дараа өөр юуг ч хийж чадмаар, чадах юм шиг, чадвартай мэт тийм дүүрэн мэдрэмж төрдөг юм билээ. Өөртөө сэтгэл ханах ийм тохиолдол олон олддог гэж үү?

Их сургуульд дөрвөн жил сурахын хамгийн гоё үе бол диплом бичих яг тэр өдөр хоногууд. 
Удахгүй диплом хамгаалах оюутнуудаа амжилт хүсье!

 

Эх сурвалж: goolingoo.mn

Дипломоо хэрхэн амжилттай бичих вэ?    



Edunews.mn    

22/04/2016 15:13