03 сарын 24
Улаанбаатар 6°C

Тууштай байх нь хүмүүжлийн сайн арга

03/05/2016 18:16

 

Хүүхэд бол ээж аав нарын гэрэл гэгээ, баяр баясгалан. Гэхдээ хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг амаргүй даваа. Хүүхэд хүмүүжүүлэх ямар сайн арга байдаг юм бол? Энэ асуултад хариулахын тулд эхлээд нэгэн ишлэл авъя. “Би эцэг эхчүүдтэй ажиллах явцдаа шинэ шинэ нээлттэй тулгарч байсан. Тэдгээрээс хамгийн их гайхшруулсан нэг зүйл бол аз жаргалтай, төлөв түвшин сайн хүүхдүүдийн зарим нь хатуу чанга эцэг эхтэй (миний бодлоор) хүүхдүүд байсан. Үүний нууц нь тэдний эцэг эх хэдийгээр хатуу чанга ч, тууштай байдаг бөгөөд ийм нөхцөлд хүүхэд ямар дэг журмыг сахих, хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарахаа сайн мэддэг, мөн хийж гүйцэтгэсэн зүйлийнхээ үр дагаварт тэд бараг шийтгэл хүлээдэггүй байсанд оршиж байв. Түүнээс гадна бас нэг анзаарагдсан онцлог зүйл бол тэд байнга сонсож, мэдэрч байдаг болохоор ээж аав нь өөрт нь хэчнээн их хайртайг, мөн өөрийг нь үнэлдэгийг мэддэг. Аав ээж нь хатуухан ханддаг ч тэр нь дандаа эерэг анхаарал халамжтай холбогдсон байдаг. Энэ хоёрын аль нэг нь дангаараа байх юм бол үр дүнд хүрэхгүй” (1).

Тэгэхээр хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга бол хүүхдэдээ хайр халамжаа харамгүй зориулах, хүүхэдтэйгээ ажиллахдаа тууштай тодорхой байж, зохих шаардлагаа тавьж байх явдал ажээ.

“Тууштай байх” гэж юу вэ?

Тууштай байна гэдэг нь эцэг эх хүүхэдтэйгээ ажиллахдаа ямагт нэг л зангаараа, нэг л байр суурьтай байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэг ижил үйл явц, хүүхдийнхээ нэг ижил зан авир, харилцаанд ээж аав нар нэг л янзаар хандаж, хариу илэрхийлнэ. Ийм тохиолдолд хүүхэд ээж аав юуг зөвшөөрдөг, юуг зөвшөөрдөггүй, мөн тэр нь өнөөдөр ч, маргааш ч адилхан гэдгийг мэднэ. Гэхдээ тууштай байна гэдэг нь байнга хатуу хахир байна гэсэн үг бас биш. Тухайн орчин нөхцөлтэйгээ уялдуулан уян хатан байж болно. Жишээлбэл, өвдсөн үедээ аав ээжтэйгээ унтах гэх мэт.

 Ялангуяа хүүхдэдээ ямар нэг тодорхой зан байдал, дадал зуршлийг эзэмшүүлэхийг зорьж байвал тууштай байх нь нэн чухал. Жишээлбэл, хэрэв хүүхэдтэйгээ зөвхөн долоо хоногийн сүүлээр амралтын өдрүүдэд л зурагт үзүүлнэ гэж тохирсон бол долоо хоногийн туршид өдөр бүр түүнийгээ анхаарч баримтална.

Өчигдөр хориглож байснаа өнөөдөр зөвшөөрөөд байж болохгүй. “За, өнөөдөр хагас сайн юм чинь жаахан байж байгаад унт даа”, “Өнөөдөр хүүдээ нэг кола аваад өгчихгүй юу дээ” гэх мэт. Хэрэв өдөр тутмын амьдралд тохиолдож буй зүйлсдээ та өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж, хэлсэн, шаардсанаасаа буцаад байвал хүүхдийн итгэлийг сулруулж алдагдуулна. Энэ нь ямар үр дагаварт хүргэх вэ гэвэл хүүхэд эцэг эхийнхээ санал, хүсэлт шаардлагыг үнэн санаанаасаа чухалд авч үздэггүй болно.

Дэг журам шаардагдана

Тухайн үйл ажиллагаа, зан, харилцаа ямар байх ёстой нь тодорхой байх тохиолдолд өөрөөр хэлбэл тодорхой дэг журам буюу хэм хэмжээг тогтоосон тохиолдолд ээж аав нарт тууштай байх нөхцөл бүрдэнэ. Жишээлбэл, осол гэмтлээс сэргийлэх үүднээс юу нь “болох”, “болохгүй”, түүнчлэн “бусадтай яаж харьцах ёстой”, “гэртээ хэн ямар үүрэг биелүүлэх” гэх мэтээр. Ийм байдалд эцэг эхийн тавих шаардлага ойлгомжтой, хүүхдэд ч яах ёстой нь тодорхой байна. Ээж аав нар яах ийх, ямар шаардлага тавихаа мэдэхгүй байвал юун тууштай байж чадахав дээ.

“Нэг талаас тодорхой хэм хэмжээнд, нөгөө талаар хүнлэг халуун дулаан уур амьсгалын нөлөөнд өссөн хүүхэд хамгийн өөртөө итгэлтэй, өөрийгөө хянаж чаддаг, сэтгэл хангалуун, ажил үйлд урайлгахан оролцдог, бие даасан байдалтай байдаг” (2) гэсэн АНУ-ын судлаачдын нотолгоо байдаг. Тэгэхээр тууштай байхын тулд ээж аав нар “Гэртээ орж ирээд гутлаа сольж гэрийнхээ гутлыг өмсөнө”, “Зочны өрөөнд юм хайчилж нааж, хог дүүргэж болохгүй”, “Хоол идсэний дараа аяга, тавгаа заавал угаана” гэх мэтээр гэртээ дэг журам тогтооно. Дэг журам тогтоохдоо хүүхдээ оролцуулан тэдний санаа бодлыг ч бас авч болно. Ингээд тэрхүү дэг журам нь гэр бүлийн амьдралд ямар ач холбогдолтойг хүүхдэдээ тайлбарлаж, асууж ярилцаж ойлгуулна. Учир шалтгаан, ач холбогдлыг ойлгож мэдсэн тохиолдолд хүүхэд тавьсан шаардлагыг биелүүлэхдээ тэр бүр татгалзаад байхгүй.

Нөлөөлдөг зүйлс

Дэг журам хэрэгжихэд дараах хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Сайн үлгэр дуурайл үзүүлэх. Хүүхдээсээ шаардсан зүйлээ ээж аав нар өөрсдөө биелүүлдэггүй бол үр дүн гарахгүй. Ялангуяа бага насныхан бол үгээр өгсөн зааварчилгаанаас илүү ажиглаж харсан зүйлээсээ суралцдаг.

Шаардлага адилхан байх. Эцэг эх хоёрын шаардлага адилхан, түүндээ тууштай байх нь чухал. Аав нь хатуухан, ээж нь түүнийг нь зөөллөж уян хатан байх юм бол хүүхэд эцэг эхтэйгээ ялгавартайгаар хандах, мөн тавьсан шаардлага тууштай хэрэгжихгүйд хүрнэ. Хүүхэд “Ээж зөвшөөрөхгүй юм бол ааваас асуугаад үзье” гэж мэднэ. Тэгэхээр ээж аав хоёр хүүхдэдээ өөр өөр юм хэлчих гээд байвал эхлээд хоорондоо зохицох нь зөв.

Хүүхдээ гэр орны ажилд оролцуулах. Ээж аав нар хүүхдээ гэр орноо эмхэлж цэгцлэх, цэвэрлэх, хоол унд хийх зэрэг гэр орныхоо ажилд оролцуулж байх нь хүүхэд хариуцлага хүлээж сурахын зэрэгцээ амьдралд бэлтгэгдэнэ. Гэртээ ажил сайн хийдэг  хүүхэд гэрийнхэндээ анхаарал халамж тавьдаг болохын дээр гүйцэтгэсэн ажил үйлдээ сэтгэл хангалуун баяртай байдаг. Үүнийг бүр багаас нь эхэлж болох бөгөөд нас ахих тутам тохирох үүрэг даалгавар хүлээлгэж болно. Жишээлбэл, гурван настай хүүхэд тоглосныхоо дараа тоглоомоо хайрцаг саванд нь хийж хураадаг (үгүйдээ гэхэд хураах ёстойг мэддэг, ээж аавтайгаа хамтран хураадаг), таван настан гэрийнхээ загасыг хооллодог, арван настан аяга тавгаа угаадаг, тэгээд томроод ирэхээр долоо хоногт нэг удаа хоол хийнэ гэдэг ч юм уу.

 

 

 

 

Эх сурвалж: buuvei.mn

Тууштай байх нь хүмүүжлийн сайн арга    



Edunews.mn    

03/05/2016 18:16