03 сарын 24
Улаанбаатар 6°C

Х.Энхжаргал: ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдийн стандарт олон улсын жишигт хүрнэ

04/07/2016 14:10

 

Б.ТУУЛ

“Монгол Улсын хөгжлийн гарцыг  тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг авъяаслаг удирдагч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхгүйгээр, техник технологийн дэвшлийг үйлдвэрүүдэд нэвтрүүлэхгүйгээр бий болгож чадахгүй” гэдгийг энэ эрхэм онцолж байна. Тиймээс энэ удаагийнхаа “Leaderships Forum”-ын зочноор Монголд хөгжлийг цогцлоох  чадварлаг инженерүүд, шилдэг зохион бүтээгчдийг бэлтгэдэг ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Х.Энхжаргалыг  урьсан юм.  Чанартай боловсрол эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болохыг хүсвэл ШУТИС-д тавтай морил.

ШУТИС ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ 2012 ОНООС ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БАЙНА

 -Хөгжлийн гарц хүний хөгжил дээр суурилах ёстой гэдэг. Бид хүнээ хөгжүүлэх гээд боловсролын салбартаа  шинэчлэл хийж байна. Тиймээс хоёулаа  ШУТИС-д чанарын шинэчлэл хэрхэн хийгдэж байгаа талаар ярилцлагаа эхэлье? 

- Инженерийн боловс­ролын түвшнээс улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар шууд хамаарч байгаа энэ цаг үед дэлхий нийтийн  боловсролын шинэчлэлийн хандлагыг судлан туршлагаас нь суралцах, хамтран ажиллах, сургалтын арга технологийг шинэчлэх нь хөгжлийн бодит шаардлага болж байна. Энэ зорилгоор ШУТИС-ийн хөгжлийн стратегийн замын зураглалын хүрээнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж, цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэхээр олон улсын инженерийн боловсролын сургалтын арга зүй, стандарт бүхий CDIO-(Concieve-Design-Implement-Operate) тогтолцоог судлах, турших, нэвтрүүлэх ажлууд хийгдэж эхлээд байна.

Дээд боловсролын байгууллагууд сургалтын агуулга, аргазүй, үнэлэмжээ дэлхийн жишигт хүргэн шинэчилж, төгсөгчдөд цогц чадамж олгож, нийгэм, эдийн засгийн шинэ сорилтуудыг даван туулах, Монгол Улсын ирээдүйг бүтээн байгуулах, шинэ үеийн хүний нөөцийг бүрдүүлэхээр зорьж байна.

ШУТИС-д дээд боловсролын чанарын ши­нэч­лэл 2012 оноос эрчим­тэй хийгдэж, сургалтын хөтөлбөрийн нэр, индексийг ЮНЕСКО-ийн ангиллын дагуу хөрвүүлэн БСШУЯ-наас гаргасан удирдамжийн дагуу сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн ажил үргэлжлэн хийгдэж байна. CDIO-Олон улсын инженерийн боловсролын шинэ системийн 12 стандарт бүхий арга технологийг нэвтрүүлснээр инженерийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг чанаржуулан,  ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдийн стандарт олон улсын жишигт хүрэх болно. ШУТИС-ийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтерпренер их сургууль болгон хөгжүүлэх стратеги бодлого боловсруулан сур­галтын агуулга, хэлбэрийг өөрч­лөн шинэчилж, зах зээлийн эрэлт хэрэг­цээнд нийцүүлэх, ШУТИС-ийн хүний нөөцийн болон сургалт, су­дал­гааны материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шин­жилгээ, технологи, инно­вацийг хөгжүүлэх, инно­вацийн түншлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд CDIO тогтолцоог судалж, нэвтрүүлж эхлээд байгаа  юм.

Монгол Улсын дээд боловсролын систем 2012 оноос өмнөх үеийн бодит байдалд дүн шинжилгээ хийж бүтэц зохион байгуулалт, агуулга, чанар зэрэг олон талаас нь шинэчлэх шаардлагатай байгааг дүгнээд үзэхэд  хэрэгцээ, шаардлага ч их байгаа юм. Тухайлбал, инженерийн боловсролын чанар, сургалтын агуулга хэлбэр, нийлүүлэлт нь ихэнх мэргэжлүүдийн хувьд зах зээлийн эрэлт, хөгжлийн хурдаас хоцрогдолтой. Сургалтын арга зүйд онол давамгайлсан танхимийн сургалт зонхилж, сурах дад­лагажих, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, тур­шин, чадваржих орчин, арга зүйн нөхцөл бүрдээгүй. Сургалт-судалгаа үйлд­вэр­лэлийн уялдаа холбоог шинэ түвшинд гаргах, мэргэжлийн хол­боод бизнесийн байгуул­лагуудтай харилцах харьцаа, хамтын ажиллагааг шинэчлэх гээд сургалтын чанарыг сайжруулах шинэ арга технологи, сургалтын шинэ системийг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ бүхнээс үүдэж бид боловсолын салбартаа шинэчлэлийг эрчимтэй хийж байна.

-ШУТИС  улсын хэмжээнд инженер, технологчдийг бэлтгэдэг том сургууль. Шинэчлэлийн ажлын хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж, салбар сургуулиуд, сургалтын хөтөлбөрөө нэлээд хумисан. Одоо хэчнээн хөтөлбөрөөр хэдэн оюутан бэлтгэж байгаа вэ?

-ШУТИС 30 мянга гаруй бакалавр, магистр, доктор оюутнуудыг эгнээндээ нэгтгэсэн улс эх орны аж үйлдвэрийн бүхий л салбарын инженерүүдийг бэлтгэдэг хамгийн том, ууган их сургууль. 2014 оноос өмнө 137 бакалаврын мэргэжлээр инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг байсныг нэгтгэн 53 хөтөлбөр болгон өөрчилж, сургалтын шинэ арга технологиор ирээдүйн инженер, технологичдийг бэлтгэхээр ажиллаж байна. Манай сургуулийн профессор багш нарын зүгээс CDIO системийн сургалтын аргачлал, арга зүйг судлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу өөрийн үнэлгээг хийж, “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Үйлд­вэр­лэлийн автоматжуулалт”, “Ца­хилгаан холбоо” хөтөлбөрүүдэд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн CDIO-ийн сургалтын аргыг нэвтрүүлэх ажлыг  эхлүүлээд байна. Ирэх хичээлийн жилээс эхлэн дараагийн 26 хөтөлбөрт шинэ арга технологийг нэвтрүүлэхээр тодорхой судалгаануудыг хийгээд, ажлаа төлөвлөөд явж байна.

 

2011 ОНООС CDIO СУРГАЛТЫН АРГЫГ ТУРШИЖ БАЙНА

- Шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх арга зүй гэж нэрлээд байгаа CDIO буюу сургалтын шинэ хөтөлбөрөө та дэлгэрэнгүй тайлбарлаач. Ер нь хаанаас эхтэй сургалтын хөтөлбөр вэ, одоо хэдэн улс оронд хэрэгждэг юм бэ?

- Инженерийн боловс­ролын чиг хандлага нь энэ зууны эхэн үеэс нэ­лээд шинэчлэгдэн өөрч­лөг­дөж суралцагчдыг эзэмш­сэн мэдлэг төдийгүй ур чадвараар нь үнэлэх, зөв­хөн онолын мэдлэг олгох бус практик чадварыг онолтой нь хослуулах, шинэ техник технологийн мэдээллийг цаг үеэс нь хоцролгүй хүргэж байх, төсөлд суурилсан сургалт, асуудал шийдвэрлэх арга зүйгээр суралцагчдад багаар нь ажиллах, бүтээгдэхүүн бий болгох чадвар эзэм­шүүлэх чиглэлтэй болсон. Дэлхий нийтийн “CDIO хамтын ажиллагаа нь “Бодож сэтгэх-төлөвлөж загварчлах-туршин хэрэг­жүүлэх-ажиллуулан ашиглах” гэсэн бодит үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг бий болгодог циклийн дагуу инженерийн боловсролыг шинэчилж, оюутанд инженерийн суурь мэдлэг, практик дээр хэрэгжүүлэх ур чадвар, хувь хүний 

төлөвшил, хандлагын цогц чадамжийг олгох зорилготой инженерийн боловсролын тогтолцоо юм.

Анх 2000 онд АНУ-ын Mассечусутсын технологийн (MIT) сургууль, Шведийн гурван их сургуулийн хамтын ажиллагаанаас эхэлсэн CDIO санаачлага нь цар хүрээгээ тэлж, өнөөдрийн байдлаар дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эгнээндээ нэгтгэсэн дэлхий нийтийн  хамтын ажиллагаа болоод байгаа юм. ЮНЕСКО-ийн баримталж буй боловсролын бодлогод заасан сургалт зохион байгуулах арга зүйн 12 стандарт, суралцагчдад эзэмшүүлэх сургалтын дөрвөн (мэдэхийн тулд суралцах, хийхийн тулд суралцах, хамтран ажиллаж, амьдрахын тулд суралцах, оршин байхын тулд суралцах) багц үр дүн бүхий CDIO-ийн цогц системийг олон улс орнууд шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх систем, нээлттэй загвар хэмээн хүлээн зөвшөөрч дэлхийн 130 гаруй шилдэг их, дээд сургуулиуд арга зүйг нь нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.

Дэлхийн олон оронд CDIO санаачлагыг зах зээлийн эрэлтэд нийцэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгон, амжилт гаргаж чадах ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх систем гэж үздэг.

-ШУТИС энэ сургалтын арга зүйг хэзээнээс  хэрэгжүүлж эхэлсэн бэ?

- ШУТИС нь инженер технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын тэргүүлэх сургууль болохын хувьд дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын сургалтын технологи, аргазүйн шинэчлэлийн туршлагатай танилцаж, 2011 оноос эхлэн CDIO сургалтын аргыг зарим мэргэжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд туршин, нэвтрүүлэх ажлуудыг хийж байна.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эг­нээндээ нэгтгэсэн “CDIO” санаачлагад нэг­дэх, сургалтын чанарыг сайж­руулах шинэ арга зүйг эрэлхийлэн ажилласан ШУТИС-ийн профессор багш нарын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд олон жил судалж, нэвтрүүлэх ажлуудыг шат дараатай хийж байгаа бөгөөд ажлын явц, үр дүнгүүд нь дараах бичиг баримтуудад тусгалаа олж албажсан. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрийн 201.1-д “Инженерийн боловсролын шинэчлэлийг хэ­рэг­жүүлж CDIO загварыг туршиж эхлэх”. БШУЯ-ны 2014 оны “Багш, инженер бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжиж, багш бэлтгэдэг сургуулиудад тавих шаардлага, стандартыг өндөржүүлэх” заалтын  “Арга хэмжээ”-ний 1.24.46 инженерийн боловсролын CDIO загварыг ШУТИС-д нэвтрүүлнэ”. ШУТИС-ийн 2021 он хүртэлх хөгжлийн стратегийн замын зураглалын Стратеги 1.1 а-д “Олон улсын инженерийн боловсролын шинэчлэлийн “CDIO”-ын санаачилгад нэгдэн орж стандартуудыг нэвтрүүлнэ” гэж заасан байдаг.  Тиймээс 2014 оноос эхлэн ШУТИС-ийн ҮТС, МТС, МХТС-ийн гурван хөтөлбөрт CDIO-гийн стандарт, арга зүйг туршин, нэвтрүүлэх ажил хийгдэж, дээр дурдсан багш нар, тэдний баг хамт олон идэвхитэй ажиллаж, зарим хөтөлбөр нь дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Сургалтын хөтөлбөрийн стандартыг боловсруулах үйл явц нь өөрөө үе шаттай урт хугацааны явцад үр дүн нь харагддаг системт ажил учраас профессор багш нар маань уйгагүй хөдөлмөрлөж байна. Зөвхөн багш нар төдийгүй үйлдвэр, компани, аж ахуйн төлөөлөлтэй хамтран бид ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төгсөгчдийг бэлтгэхийн тулд сургалтын үйл явцыг системтэйгээр төлөвлөн улсын болон ШУТИС-ийн бодлогод тусгаснаар 2015 оноос эхлэн профессор багш нарын сургах арга зүйг сайжруулах, хөтөлбөр боловсруулах арга зүйгээр хангах, сургалтын орчинг шинэчлэн зохион байгуулах ажлуудыг ШУТИС өөрийн санхүүгийн нөөцөн дээр тулгуурлан мөн БСШУЯ, ДБШТ-ийн Азийн хөгжлийн банкны төслийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байна.

-Манайханд нэг шүүмжлэл байдаг. “Боловсролын салбарт  гадны сургалтын тогтолцоог хуулбарлах гэж байна” гэдэг. Тиймээс та CDIO сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Магадгүй, ШУТИС-д суралцахаар төлөвлөж буй элсэгчид энэ мэдээллийг сонирхож байгаа байх?

-ШУТИС-ийн удирд­лага, профессор багш нарын баг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд БСШУЯ-ны тууштай дэмжлэгтэйгээр ОУ-ын CDIO-ийн хамтын ажиллагааны гишүүн байгууллага болох зорилт тавин ажилласан нь тодорхой  үр дүнд хүрч эхэлсэн. 2012 оноос эхлэн БСШУЯ-наас ШУТИС-ийн бодлогын бичиг баримтад CDIO-ийн арга зүйг сургалтад нэвт­­рүүлэхээр албан ёсоор тусгуулсан. 2011-2016 онуудад ОХУ, АНУ, Испани, Вьетнам, БНХАУ-д зохион байгуулагдсан бүс нутгийн болон олон улсын хурлуудад профессор багш нар маань удаа дараа оролцож өөрийн сургуулийн сургалтын үйл ажиллагааг танилцуулах, туршлага судалсан. 2012 онд таван багш бүс нутгийн төв болох Сингапурын политехник, БНХАУ-ын Жатоны их сур­гуульд туршлага судалсан. 2014 оноос эхлэн ШУТИС-ийн сургалтын шинэ хөтөл­бөрийг боловсруулах ажлын удирдамжид CDIO-ийн арга технологийг баримталсан, 2014 онд CDIO-ийн гишүүн байгууллага болох хүсэлтээ албан ёсоор гаргасан. 2014-2016 онуудад ШУТИС дээр инженерийн боловсролын шинэчлэлийн талаархи сургалт, семинарууд “Дизайн прожект” сургалт  удаа дараа хийгдсэн. 2014 онд Хөтөлбөрийн ерөнхий хорооноос ШУТИС-ийн гурван хөтөлбөрийг CDIO-ийн стандартын дагуу явуулахаар шийдвэрлэсэн зэрэг бэлтгэл ажлуудыг эрчимтэй хийсэн. 2015 онд манай сургуулийн эрдэмтэн, багш нар CDIO системийн сургалтын аргачлал, арга зүйг судлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу өөрийн үнэлгээ хийж, хамтын ажиллагааны гишүүн сургуулиуд, бүс нутгийн удирдлагад амжилттай танилцуулсан нь CDIO-ийн Азийн бүсийн гишүүн болоход чухал нөлөө үзүүлсэн.

-CDIO-ийн Азийн бүсийн гишүүнээр хэдэн онд элссэн бэ. Гишүүн сургууль болохын давуу тал их биз?

- Тэгэлгүй яахав БСШУЯ-ны төлөөлөл, ШУТИС-ийн Ректор Б.Очирбатаар ахлуулсан багш нарын баг Вьетнамын Хо Ши Минь хотод үндэсний их сургуулийн зохион байгуулсан “CDIO Азийн бүсийн чуулган 2015”-д амжилттай оролцон, шалгуур үзүүлэлтийг хангасан үйл ажиллагааны тайлангаа илтгэн ШУТИС нь Монгол Улсаас анхны олон улсын CDIO санаачлагын гишүүн байгууллага болсон.

ШУТИС нь CDIO-ийн олон улсын хамтын ажиллагааны албан ёсны гишүүнээр элссэнээр  сургалтын хөтөлбөрийн агуулгыг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн шинэчлэх,  шилдэг их, дээд сургуулиудын  сургалтын арга зүй, технологийг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулах, суралцагчийг идэвхижүүлэх, багшийн заах арга, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, багш оюутны болон хөтөл­­бөрийн үнэлгээг  сис­­тем­тэйгээр үнэлэх, өөрсдийн хувь нэмрийг дэлхий нийтийн хамтын ажил­­­лагаанд оруулах нөх­цөл бүрдэж байгаа юм. ШУТИС  CDIO-ийн гишүүн их сургууль болс­ноор, 2015 оны арав­дугаар сард БСШУ -ны сайд Л.Гантөмөр бо­лон Сингапурын Темасек сангийн тэргүүн нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын Политехник (SP), Сингапур Политехник интер­нэшнл (SPI) байгууллага, Сингапурын Темасек сангаас дээд боловсролын сургалтын арга зүйг шинэчлэх чиглэлээр санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдсэн.

Сингапурын Темасек сан болон Монгол Улсын БСШУЯ-ны Дээд боловсролын ши­нэч­­­­лэлийн төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр CDIO-ийн стандарт, арга зүйн таван бүрэлдэхүүн сургалтыг ШУТИС, ХААИС, МУИС, ХСИС болон зарим хувийн их, дээд сургуулийн багш нарын дунд өнгөрсөн оны аравдугаар сараас 2016 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд тус бүр таван өдрийн турш, XXI зууны мэргэжилтэнг бэлтгэх орчин, сургах, суралцах арга зүй, сургалтын идэвхитэй арга хэлбэрүүд, шинэ дэвшилтэт сургалтын технологи, сургалтын төлөвлөгөө болон сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүйн сургалтыг зохион байгуулж, их, дээд сургуулийн 188 багшийг эхний сургалтад, 85 багшийг 2-5 дугаар сургалтад хамруулан, мөн дотоодод зохион байгуулагдсан сургалтад нийтдээ 500 гаруй багшийг хам­руу­лан багшийн хөгжлийг дэмжсэн. Дээрхи сургалтуудаас шалгарч сонгогдсон 26 багш өнгөрсөн тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сингапур Политехник дээр зохион байгуулагдсан “CDIO-ийн мастер сургагч багш” бэлтгэх сургалтад хамрагдсан. Энэ сургалтыг Сингапурын Политехникийн сургагч багш нар болох Линда Ли, Чон Хуа багш нар удирдан явуулсан бөгөөд зохион байгуулалтын ажлыг БСШУЯ-ны ДБШТ-ийн CDIO нэвтрүүлэх зөвлөх баг болон ШУТИС-ийн ажлын хэсэг удирдан ажилласан. Энэ мэтчилэн үр бүтээлтэй хийгдсэн олон ажил байна.

-Азид CDIO-ийн гишүүн сургуулиудаас энэ хөтөлбөрийг хамгийн эрчимтэй хэрэгжүүлж байгаа ямар сургууль байдаг вэ.  Мөн эдгээр сургуультай танай сургуулийн багш нар хамтран ажилладаг уу. Мэдээж, боловсролын шинэ тогтолцоо учраас хамтран ажиллах, харилцан туршлага солилцох нь бас чухал шүү дээ?

-Азийн бүсийн хувьд Бүс нутгийн төв болох Сингапурын Политехник дээр бүрэн хэрэгжүүлж байна. Мөн БНХАУ болон БНСВУ-ын улсын болон хувийн их, дээд сургуулиуд CDIO-гийн нэвтрүүлэлт хэрэгжүүлэлтийг хамгийн хурдацтай хийж байгааг тухайн сургуулиудын өрсөлдөх чадварын үндсэн үзүүлэлтүүдийн өсөлт болон сургууль ажил олгогчдын хамтын ажиллагаа илт сай­жирсан зэргээс харж болно. Тухайлбал  Вьетнамын үндэсний их сургуульд энэ ажил 2010 онд хоёр салбар сургуулийн таван хөтөлбөрт эхэлж байсан бол 2014 оноос дөрвөн салбар сургуулийн  20 тэнхим, 45 хөтөлбөр дээрээ CDIO амжилттай хэрэгжүүлж байна. Манай хөтөлбөрүүдтэй ижил төстэй хөтөлбөрийн багш нартай харилцан туршлага солилцох, сургалтын орчинтой танилцах зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн дээр дурсан Бүс нутгийн төв болох Сингапурын Политехникийн багш нараас бидэнд арга зүйн сургалтуудыг шат дараатай өгч байгаа.

 

ШУТИС ЭЛСЭГЧДЭЭ ДОЛДУГААР САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ

 -Ярилцлагынхаа төгсгөл хэсэгт элсэгчдэд хэрэгтэй хэдэн мэдээлэл тодруулъя. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиуд элсэгчдээ бүртгээд зав муутай байна. Элсэгчид маань чанартай сургалт, сайн сургуулийг хайж байгаа учраас та ШУТИС цаашид  ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар товч мэдээлэл өгөөч?

-Сургалтын чанарыг сайжруулах, шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх ажлын хүрээнд бид олон ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ШУТИС-ийн профессор, багш нар CDIO системийн сургалтын арга зүйг бүрэн судалж, амжилттай хэрэгжүүлж байгаа гадаадын их, дээд сургуулиудаас туршлага судлан, хамтран ажиллаж, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилт тавин 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн CDIO-ийн арга зүйг нэвтрүүлэх 26 хөтөлбөр, 100 гаруй багштай багыг зохион байгуулалттай хэрэгжүүлэх Ректорын тушаал гарсан. Эдгээр хөтөлбөрийн багш нар судлах, турших, нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Энэ ажлын үр дүнд сургууль, элсэгч хоёр тухайлбал ямар боломжууд нээгдэх вэ?

-БСШУЯ-ны ДБШТ, Сингапурын Темасек сантай хамтран ШУТИС-ийн 22 багш “CDIO-ийн Мас­тер багш” болсон. Ингэснээр CDIO-ийн сургалтын арга зүйг шат дараатай системтэйгээр нэвтрүүлснээр бид олон үр дүнд хүрнэ. Тухайлбал, техникийн суурь мэдлэгийг бүрэн эзэмшсэн, шинэ бүтээгдэхүүнийг төсөллөх, төлөвлөх, түүний загварыг нарийвчлан тооцох, үйлдвэрлэл туршиж судлах, үйлдвэрлэх, удирдах зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээний амьдралын мөчлөгийн дэс дарааллыг тодорхойлж чадах өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх. Технологийн хөгжил ба судалгаа шинжилгээний ажлын нийгэмд үзүүлэх стратеги нөлөө, ач холбогдлыг бүрэн ойлгосон, нийгэмшил харилцааны ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэж, аж үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгөх зэрэг “бэлэн инженер”-үүдийг бэлтгэнэ. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн CDIO-ийн сургалтын аргыг нэвтрүүлснээр цаашид бусад хөтөлбөрүүдэд нэвт­рүүлэх арга зүйг боловс­руулах, хөтөлбөрийг шинэч­лэн, сайжруулах ажил хийгдэж эхлээд байна. Арга зүйг томъёолсноор бу­сад хөтөлбөрүүдэд шинэ арга техно­логийг нэвт­рүү­лэ­хэд хялбар болох төдийгүй, бодит үр дүнг бий болгох ажлын эхлэл болж байна. Шинэ арга зүйгээр сур­галтын үйл ажил­лагааг зо­хион байгуулс­наар ШУТИС-ийн олон хөтөл­бөрүүд дотоодод төдийгүй олон улсад магадлан ит­гэмж­­лүүлэх боломж бүрдэнэ.

-Ирэх хичээлийн жилд танай сургууль нийт хэдэн мэргэжлээр хэчнээн оюутан элсүүлэх вэ. Мөн бүртгэлээ яаж зохион байгуулж байгаа вэ?

- 2016-2017 оны хичээлийн жилд элсэгчид маань ШУТИС-ийн эл­сэлтийн бүх бүлэгт зэрэг бүрт­гүүлэх боломжтой. Бүрт­­гүүлэхдээ 2014, 2015, 2016 оны аль нэг бат­ламжийн дугаар, регистрын дугаараа заа­вал оруулна. Элсэлтийн дэл­гэрэнгүй мэдээллийг www.elselt.edu.mn, www.must.edu.mn хаягаар орж авах боломжтой. Элсэлтийн бүртгэлийг бид зургадугаар сарын 27-оос долдугаар сарын 05-ны хооронд эл­­сэлтийн веб хуудсаар найман үндсэн бүлэгт онлай­наар бүртгэж байна. Бүрэл­дэхүүн есөн сургууль, харьяа нэг сургууль, институт нэг гээд нийт 11 сургуульд 15 “Хамтарсан 2+2” хөтөлбөр, нийт 56 хөтөлбөр, 98 мэргэжлээр 5000 орчим оюутан элсэн суралцана.

-Ярилцлагынхаа төгсгөлд та сургуулийнхаа онцлог, давуу талыг дахин онцлооч. Ер нь ШУТИС-ийг сонгон суралцах оюутнуудыг ямар боломж, давуу талууд хүлээж байна вэ?

-ШУТИС-ийг сон­гон суралцаж төгсөх мэр­гэ­жил­тэн нь олон талын боловс­рол, мэдлэг, чадварыг эзэм­шинэ. Жишээ нь, инже­нерийн суурь ухааны мэд­лэгийг гарамгай эзэмшсэн байхаас гадна шинэ бүтээгдэхүүн, шинэ системийг (технологи) бий болгох, туршин ашиглах үйл ажиллагаанд манлайлан оролцдог, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуц­лагатай, насан туршдаа су­рал­цаж өөрийгөө хөг­жүү­лэх, хувь хүний эерэг хандлагатай болсон байна. Мөн салбарын төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн ажлын байран дээр хөрвөж ажиллах чадвар, төлөвшилтэй болно. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн ор­чинд санаачлагатай, ам­жилттай ажиллах энтерп­ренер чадвартай шинэ үеийн инженер болж бэлтгэг­дэнэ. Тиймээс танай сониноор уламжлан шинэ үеийн шилдэг мэргэжилтэн болох залуустаа ШУТИС-ийн инженер, технологи, менежмент, дизайны хөтөл­бөрүүдээс сонгон суралцаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж нээлттэй байна гэдгийг хэлмээр байна.  Мөн энэ дашрамд, инженерийн боловсролын чанарын төлөө идэвхи зүтгэл гарган хамтран ажиллаж буй багш нартаа талархал илэрхийлье. Түүнчлэн сургалтанд хамрагдсан нийт багш нарынхаа ирээдүйн Монгол Улсын мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх их ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Энхжаргал: ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдийн стандарт олон улсын жишигт хүрнэ    



Edunews.mn    

04/07/2016 14:10