03 сарын 18
Улаанбаатар -3°C

Ж.Даваасамбуу: Молекул биологийн хэрэглээний лаборатори бүх судлаачдад нээлттэй

27/09/2016 13:05

Б.Хосбаяр

         Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори саяхан нээлтээ хийсэн. Үүнтэй зэрэгцэн эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд гарааны компаниудад үйлчилэх инкубатор төвийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Энэ талаар БСШУСЯ-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуутай ярилцлаа

-Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудыг лабораторитой болгох тухай бид олон жил ярьсан. Тэгвэл энэ ажил биелэлээ олж, молекул биологийн хэрэглээний лаборатори албан ёсоор үүдээ нээлээ. Энэ лаборатори их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дээр байдаг лабораториос юугаараа ялгарах вэ?   

-Энэ лаборатори бол орчин үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн лаборатори.Энд байгаа зарим багаж, хэрэгсэл МУИС, ШУТИС, Академийн харьяа хүрээлэнгүүдэд бий. Гэхдээ иж бүрэн гэж хэлээд байгаагийн учир нь судалгааны дээжээ шаардлага хангасан орчин нөхцөлд бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, судалгааны дээжүүдийг  ердийн тасалгааны орчинд бэлтгэдэггүй. Аргоны хий, чийгээс тусгаарласан орчинд гэх мэт тусгай шаардлага хангасан орчинд бэлтгэдэг. Түүнээс гадна гаргаж авсан бүтээгдэхүүнээ хадгалах нөхцөл нь ч өөр өөр байдаг. Тэгвэл энд -180 хэмийн тэр бүх шаардлага, шалгуурыг хангасан хөргөгч бүгд бий. Зарим их сургуулийн лабораторид ганц нэг багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдаад байдаг тал бий. Харин энд шаардлагатай бүх тоног төхөөрөмж бий гэсэн үг. Хэдийгээр манайхан маш олон төрлийн  уургийн бүтцийг тодорхойлдог ч зарим  нарийвчилсан судалгааг гадаад руу явуулж хийлгэдэг. Тэгвэл одоо энэ ажлыг Молекул биологийн хэрэглээний лабораторид хийх бүрэн боломжтой болсон. Энэ мэтчилэн олон давуу тал бий.

-Энэ ажлыг Монголд шинжлэх ухааны парк байгуулах эхлэл гэж зарим эрдэмтэн, судлаачид дүгнэж байна. Мөн гарааны компаниудад үйлчлэх инкубатор төвийг үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Энэ ажлын эдийн засгийн  үр ашгийг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс болон БНХАУ нь шинжлэх ухаан, технологийн салбарт олон жилийн туршид найрсагаар хамтран ажиллаж, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлж ирсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд ШУТ-ийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлж хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрдэмтэн солилцох, Монгол Улсад шинжлэх ухааны парк хамтран байгуулах ажлын хүрээнд хамтарсан лаборатори, инкубатор төв байгуулах ажлуудыг амжилттайгаар хамтран хэрэгжүүлж байгаагийн нэг үр дүн нь энэ хамтарсан лаборатори юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад шинжлэх ухааны паркийн суурь тавигдаж байгаа нь энэ юм. Тиймээс энэ лабораторийн нээлттэй хамт эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэдэх гарааны компаниудад үйлчилэх инкубатор төвийн үйл ажиллагааг энэ лабораторийн дэргэд буюу “Армоно” нэгдлийн байранд эхлүүлж байна. Энэхүү инкубатор төв нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын үр ашигтай хамтын ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн, технологийг хөгжүүлэх үндсэн дээр оюуны ололт бүтээлийг зах зээлд гаргах, гарааны компаниудад хөгжих таатай орчныг бүрдүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэн ажиллах юм. Энэ утгаараа тус лаборатори нь эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн доктор, магистрын түвшний оюутнууд хоёр улсын эрдэмтэн, профессоруудын удирдлаган доор ажиллаж, эрдмийн ажлаа явуулах бололцоог нээж өгөхийн зэрэгцээ байгууллага, хувь хүний хүсэлтээр гэрээт болон захиалгат судалгаа шинжилгээний үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө өгөх замаар нээлттэй лаборатори хэлбэрээр ажиллана. Энэ бүхний үр дүнд бид улс орондоо биотехнологи, бионанотехнологи зэрэг шинжлэх ухааны ололт амжилтыг ашигласан био аж үйлдвэрийн эх суурийг тавихад томоохон тус дэм болох юм.

-Хэрэглээний лабораторийн үйл ажиллагааг дэмжих өөр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

нэ бол эхний шатанд хийж буй ажил. Хоёр дахь шатанд бид бүр нарийвчилсан шинжилгээг хийдэг, дэлхийн төвшинд уургийг ялгах, уургийн доторх нарийвчилсан бүтцийг тодорхойлох лабораторийг байгуулна. Бас нэг онцлог нь энэ чиглэлийн бүх судлаачид энэ лабораторид хамтарч ажиллана. Тийм болохоор энд ажиллах судлаачдад шинжлэх ухаан, технологийн хамтарсан томоохон төслийг өгөөд байгаа юм. Сайдын тушаал удахгүй гарна. Бэлтгэл ажил нь бүгд хийгдсэн. Өөрөөр хэлбэл, уургийн чиглэлээр ажилладаг бүх судлаачид энэ лабораторид  хамтарч ажиллах боломжтой гэсэн үг. Энэ лаборатори бүгдэд үйлчлэх, нээлттэй лаборатори юм. Монголын бүх их, дээд сургуулийн эрдэмтэн, багш судлаачид, оюутнууд судалгаа хийх боломжтой.

22.jpg

- Хятадын ШУТЯ-тай  “Харилцан эрдэмтэн солилцох хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр орны эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид хамтарсан лабораторид судалгааны төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ. Мөн энэ хэрэглээний лабораторид ажиллах боловсон хүчний асуудлыг шийдсэн үү?

-Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори маань ойролцоогоор 2 тэрбум 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон ажил. Энэ лабораторийн тоног төхөөрөмжийн асуудлаас гадна тус лабораторид ажиллах боловсон хүчний асуудлыг бид бас давхар шийдсэн. Түүнээс гадна БНХАУ-ын шинжлэх ухааны яамтай ярилцаад энэ чиглэлийн 1.5 сая юанийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон.  Энэ сарын сүүлчээр бид очиж, шалгаруулалтыг нь хийнэ. Мөн 6 сая орчим юанийн   технологийн инкубаторыг байгуулахаар тохиролцсон байгаа. Ер нь бол энэ чиглэлд гол төлөв судалгааны ажил хийх ажилд түлхүү анхаарч байна. Энэхүү хамтарсан лаборатори, инкубатор төв, технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлсэнээр эрдэм шинжилгээний байгууллагуудын гаргасан технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, их сургуулиудтай хамтран сургалтын агуулгаар дамжуулан оюутан судлаачдыг сургах, энтрепренёр сэтгэлгээтэй залуу үеийг бэлтгэж гаргах, эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулах, холбож өгөх, гарааны компаниудыг бойжуулах боломжууд нээгдэж байгаа юм.

Эх сурвалж: www.edunews.mn

Ж.Даваасамбуу: Молекул биологийн хэрэглээний лаборатори бүх судлаачдад нээлттэй    



Edunews.mn    

27/09/2016 13:05