03 сарын 24
Улаанбаатар -8°C

Гадаадад суралцаж буй монгол хүүхдүүд эх хэлний мэдлэг тааруухан байна

27/09/2016 13:49

 

Э.Гантөмөр

 “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн Боловсролын хорооны дарга, ХБНГУ-ын Штуттгарт хотын “Солонго” монгол сургуулийн захирал, багш Ө.Оюунтүлхүүртэй  гадаадад суралцаж буй монгол хүүхдүүдийн талаар ярилцлаа.

-Дэлхийн хэдэн оронд манай монгол хүүхдүүд сурч боловсорч байна вэ. Сургалтын чанар нь ямар байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд өөрийн гэсэн байртай, ажилтай болсны дараа үр хүүхдэдээ санаа зовдог. 10-аад жилийн өмнөөс монгол хэлний сургалтын байгууллагууд үүссэн. Миний хувьд хилийн чанад дахь монголчуудын зөвлөлд Боловсролын хороог удирдаад, зохион байгуулаад ажиллаж байна. Боловсролын хорооны гол чиглэл нь хилийн чанадад үүссэн монгол хэл, соёлын байгууллагуудаа цэгцлэх, тэднийг мэдээллээр хангах, төр, засгийн байгууллагуудтай холбож, нэгдсэн хамтын ажиллагаа үүсгэх дээр ажилладаг. Хоёр жилийн өмнөөс дэлхийн хэдэн оронд монгол сургуулиуд байна. Ямар үйл ажиллагаа, сургалт явуулж байгаа талаар судалгаа хийсэн. Сүүлийн мэдээллээр 14 оронд 42 монгол хэл, соёлын байгууллага бүртгэлтэй байна.

Тэнд сурч байгаа хүүхдүүд аав ээжийнхээ монголоор ярьж байгааг ойлгосон ч тухайн улсын хэлээр ярьдаг. Тиймээс энэ хүүхдүүдийг монголоор уншуулж, бичүүлж сургая. Үгийн баялгийг нь нэмье, эргээд монгол орчиндоо ирэхэд хэл яриа нь сэргэнэ. Тэгэхээр бүх сургуулийн зорилго нь энэ. Энэ чинь монгол хүн. Ирээдүйд Монголд хэрэгтэй хүн болдоггүй юм гэхэд хоёр орны гүүр болсон мэргэжилтэн бэлтгэе. Тухайн хүүхэд монгол хэлгүй бол хэчнээн мэдлэгтэй, гадаадад сурсан мэргэжилтэн байгаад Монгол Улс түүнийг ашиглаж чадахгүй.

-Дээрх 42 байгууллагад хэчнээн хүүхэд сурч байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юү. Багш нарын хүрэлцээ хангамж хэр байна?

-Энэ 42 албан ёсны байгууллагад хэчнээн хүүхэд суралцаж байна вэ гэсэн тоог гаргаж байгаа. Мөн тэнд ажиллаж байгаа багш нарынхаа судалгааг бас хийсэн. 70 орчим хувь нь монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш, бусад тохиолдолд багш олдохгүй учраас багш, өөр мэргэжилтэй хүнээр хичээл заалгаж байсан. Бид эх орныхоо ирээдүйн хөгжилд зориулж энэ хүмүүсийнхээ эх хэлийг нь мартуулахгүйн төлөө үйл ажиллагаа явуулж, эх орныхоо төлөө юм хийж байна.

-Тэнд суралцаж буй хүүхдүүдийн монгол хэлний мэдлэг хэр байна. Мөн сурах бичгийн хангалт хэр байна. Сурах бичгээ эндээс авдаг уу, тэндээ үйлдвэрлэдэг үү?

-Гадаад дахь анхны монгол сургууль Вашингтонд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бид Монголоос янз бүрийн ном, сурах бичиг аваачаад нийлүүлээд, хольж солиод, өөрсдөө зохиогоод заадаг ч тэр болгон сургалтад тохирдоггүй. Яагаад гэвэл хүүхдүүдийн монгол хэлний мэдлэг, үгийн баялаг бага болохоор эндээс аваачсан сурах бичгүүд хүндэдсэн. Хүүхдүүдийнхээ сэтгэхүй, амьдарч буй орчин, үгийн баялагт нь тохирсон сурах бичиг хэрэгтэй болсон. Тиймээс нэгдсэн сурах бичигтэй болохоор ажиллаж байна. Лондон, Америк, Германд байгаа багш нар 5-6 янзын ном гаргасан.

 Сургуулиуд нэгдсэн сурах бичиггүй ч нэгдсэн хөтөлбөр хэрэгтэй. Монгол хэлний сургалт учраас үүнийг Монгол дахь Боловсролын яам хариуцах ёстой. Тиймээс бид Боловсролын яамнаас нэгдсэн хөтөлбөр гаргаж өгөөч, түүний дагуу бид заая гэсэн хүсэлт тавьсан. Хүүхдүүддээ юу хэрэгтэйг мэдэж байгаа учраас хэчнээн эрдэмтэн мэргэд байгаад тэдний гаргасан сурах бичиг хүнддээд байгаа болохоор бид хамтарч ажиллах ёстой. Ингэснээр бидний хүссэн үр дүнд хүрсэн ном гарна. Боловсролын хүрээлэнгээс гадаадад байгаа хүүхдүүдэд зориулсан цахим хичээл зааж байгаа.

-Цэцэрлэгийн насныхан, бага ангийнханы монгол хэлний мэдлэг тааруухан байдаг гэж сонссон, энэ үнэн үү?

-Би Германд байдаг багш. Тэнд зургаан сургууль байгаа. Судалгаа хийхэд шинээр төрж байгаа хүүхэд их байна. Бид анх таван настай хүүхдийг сургуульдаа авдаг байсан бол бага насныхан ах, эгчийгээ дагаад орж ирдэг. Тиймээс 3-5 насны цэцэрлэгийн анги нээсэн. Тэгэхээр энэ насныханд зориулсан сургалт байх ёстой болж байна. Энэ хүүхдүүд монгол хэлний мэдлэгийн хувьд ойлгох чадвар нь сайн ч яриа, дүрэм бүр байхгүй гэсэн судалгаа гарсан.

24.jpg

-14 оронд монгол хэл, соёлын байгууллага байна гэсэн. Монгол хэл заадаг гэсэн үг үү?

-АНУ-д 13 сургууль, сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж байгаа. Германд зургаа, Швейцарийн дөрвөн хотод, Их Британийн нэгдсэн вант улсад гурав, Канадад гурав, Бельгид нэг, Шведэд гурав, БНСУ-д солонгос эзэнтэй ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй монгол хүүхэд бий. Бүх хичээлээ монгол хэлээр заадаг. Японд өнгөрсөн жил нээгдсэн. Энэ сургуулиуд зөвхөн монгол хэл заахгүй, монгол хэл, соёл, бүжгийн дугуйлан хичээллэдэг. Тухайлбал, Америкт “Гэр төв” сургалт монгол бүжгийн хамтлагтай. Монголын соёл, урлагийн гайхамшгийг харуулсан “Монгол бахархал” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

Манай сургууль өнгөрсөн жил жүжгийн дугуйлан хичээллүүлсэн. Ш.Гүрбазарын охин Оюуцэцэн зохиолыг нь бичиж хүүхдүүдээр монгол хэлээр жүжиг тоглуулахад жүжигчин А.Энхтуул тусалсан. Гадаадад байгаа хүмүүс чинь Монголд байгаа хүмүүсээс илүү монгол ёс заншил, ахуйгаа дээдэлнэ. 14 оронд байгаа багш нар фэйсбүүк группээр мэдээлэл, туршлагаа солилцдог. Төр үүнийг анхааралдаа авч дэмжиж байгаа нь том асуудал. Гадаадад удсан хүмүүс чинь нийгмийн идэвхтэн болж төрийн бус байгууллагад цалингүй ажилладаг юм байна.

-Монгол  багш нартай, өөрөөр хэлбэл эндэхийн багш нартайгаа  хэр холбоотой ажилладаг вэ. Туршлага судлах, сургалтад хамрагдах боломж гарч байна уу?

-Монголын ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг гадаадын орнуудад туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх, харилцан солилцоход ямар боломж байна вэ гэдэгт орон орондоо судлая гэсэн санал оруулсан байгаа. 14 оронд байгаа багш нар маань нэгдсэн уулзалт, цугларалт хийе. Бидэнд мэргэжлийн мэдээлэл хэрэгтэй байна. Ирэх зун багш нарын нэгдсэн чуулга, уулзалтыг Гадаад харилцааны яам, Боловсролын яамтай хамтарч хийе. Үүгээр бид мэдээлэл авах биш харилцан мэдээлэл өгнө. Энэ хооронд монгол багш нартайгаа видео сургалтууд зохион байгуулъя гэсэн саналыг хүргүүлсэн байгаа.                       

Эх сурвалж: www.edunews.mn

Гадаадад суралцаж буй монгол хүүхдүүд эх хэлний мэдлэг тааруухан байна    



Edunews.mn    

27/09/2016 13:49