03 сарын 24
Улаанбаатар -8°C

Ч.Самбуу-Ёндон: Өвөрхангайн сурагчид ЭЕШ-ын оноогоор улсад дээгүүрт ордог

27/09/2016 15:53

 

Б.Оргил

         Боловсролын салбарт өрнөж буй шинэчлэлийн хөтөлбөр хөдөө, орон нутагт хэрхэн хэрэгжиж буй талаар  Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндонтой ярилцлаа.

-Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлууд танай аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ. Ажлын явц, үр дүн ямар байна?

-Боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа хүүхэд бүрийг хөгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр, бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөрүүд 2013 оноос хойш амжилттай хэрэгжиж байна. Туршилт нь тухайн лаботори сургууль дээр хийгдээд, бусад аймгийнхаа сургууль, цэцэрлэгт төвийн зориулалтаар хийгдээд явж байна. Өнгөрсөн хичээлийн жилд суурь боловсролын цөм хөтөлбөрийн сургалтыг 1000 орчим багш нарт хоёр удаа хийсэн. Хичээлийн жилийн эхэнд нэг удаа хийсэн. Суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт болон сургууль дээрээ хичээлээ хэрхэн зааж байна вэ гэдгийг оны өмнөхөн манай боловсрол соёлын газраас бүх сургууль дээр сургалт семинар хэлбэрээр зохион байгуулж, энэ үеэр багш нар маань хичээлээ зааж, хоорондоо туршлага солилцсон.

-Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн  гол зорилго бол хүүхэд бүрийг хөгжүүлэх. Хөдөөгийн багш нар үнэхээр хүүхэд бүрт хүрч ажиллаж чадаж байна уу. Танай аймгийн хувьд, ололт, амжилттай, хүндрэл  бэрхшээлтэй зүйл юу байна?

-Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжүүлэлт улсын хэмжээнд амжилттай төвшинд зохион байгуулагдлаа. Бага боловсролын хичээлийн хэрэгжилтийг сайн хичээл үйл ажилгааны туршлага солилцох  зөвлөгөөнийг өнгөрсөн жил гурван үе шаттай зохион байгуулсан. Хичээлээ сургууль дээрээ сайн хийгээд, түүнээсээ хамгийн сайн хичээл нь бүсийн хэмжээнд түүнээсээ аймгийн хэмжээнд гэсэн гурван үе шаттайгаар сайжруулаад явж байна. Багш хөгжиж байж тэр хэмжээгээрээ хүүхэд  хөгжих ийм чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн хүндрэлтэй зүйл нь,  бага боловсролын төвшинд ч тэр дунд боловсролын төвшинд ч тэр анги дүүргэлт ихтэй учраас багш нарын ачаалал их байна. Багш нар хүүхэд бүрт хүрч ажиллаж чадахгүй байна. Улс орны нийгэм эдийн засаг төсөв, санхүүгийн байдал хүнд болж байгаатай холбогдуулаад багш нарын өөрсдийн орлого, сургалтад хэрэглэх зардал хүрэлцэхгүй, сургууль дээр боловсролын газар хичээл практикийн зардал санхүүжигдэхгүйтэй холбоотой асуудалууд хүндрэх тал руу гаа орж эхэлж байна.  Багш нарын хувьд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого нь зөв байна. Үүнийг хэрэгжүүлээд явъя гэсэн итгэл үнэмшил, сэтгэл  зүрх байгаа юм.

-“Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд багшийг хөгжүүлэх үүднээс багш нарт  зөөврийн компьютер өгч байгаа.  Танай аймгийн багш нар компьютерээ авсан уу?

-Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас энэ дөрвөн жилийн хугацаанд Л.Гантөмөр сайдын санаачилгаар олон сайхан ажлууд хэрэгжүүлж эхэлж байна. Үүнд багш нар талархалтай байгаа. Мөн Засгийн газраас багш бүрийг комьпютержуулах бодлого явагдаад ерөнхий боловсролын сургуулиудын бүх багш нар комьпютертэй болсон. Сургуулийн өмнөх багш нарт бол хүлээлт үүсч байна. Багш нар комьпютертэй болсноор сургалтандаа мэдээлэлийн технологийг ашиглах, тэр хэмжээгээрээ илүү хөгжих боломж бүрдсэн.

-Танай аймагт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж хэр байна. Өвөрхангай аймаг шилжин сууршигч олонтой байх. Анги дүүргэлт, багшийн ажлын ачаалал их биз?

-Манай аймгийн хувьд ерөнхий боловсролын 30 сургууль 20мянга гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 40 цэцэрлэгт 8000 орчим хүүхэд суралцдаг. Аймгийн төвд шилжин ирэх хүн амын тоо ихэссэнтэй холбоотойгоор бүлэг дүүргэлт ачаалалттай байна. БСШУЯ-наас манай аймагт 928 хүүхдийн суудалтай сургуулийн хичээлийн шинэ байрыг барьж эхлүүлсэн. Энэ барилга нь 2014,2015 онуудад баригдахаар төлөвлөгдсөн байсан боловч өнөөг хүртэл барилгын ажил удаашралтай явагдаж байна. Хэрэв шинэ  барилга ашиглалтанд орсон бол жигд үйл ажиллагаагаа явуулж ачаалал бага байх боломжтой  байсан. Энэ жилээс хамран сургах бодлого баримталж ажиллаж байна. Ялангуяа аймгийн төв тойрсон сургуулиуд тухайн тойргийнхоо хүүхдүүдийг сургуульдаа сургах бодлогыг баримталж байна.

-Өвөрханай аймагт “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэж сонссон. Улсын чанартай тэмцээн уралдаанд танай аймгийн хүүхдүүд ч бас дээгүүр байр эзэлдэг юм байна лээ? 

-“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд  багш нарын урлаг, спортын наадам болон 1024 хүүхдийн шатрын тэмцээнийг зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд ЕБС-ийн 20 мянга, сургуулийн өмнөх боловсролын 8000 гээд нийтдээ 28  мянган хүүхэд шатрыг их бага хэмжээгээр тоглож сурсан. Өвөрхангай аймаг “Бид бүжиглэх дуртай’’ гэсэн ардын бүжгийг брэнд болгон ажиллаж байна. Мөн манай аймгийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн сурлагын чанараараа сүүлийн жилүүдэд тогтвортой амжилт гаргасанаар улсад 514.5 оноогоор хоёрдугаар байранд орсон. Улсын дундаж 500 байдаг. Манай аймаг 14.5 оноогоор дээгүүр байгаа юм. Манай авьяаслаг хүүхэд багачууд урлаг спортын, мэдээлэлийн техник технологийн чиглэлээр авьяасаа хөгжүүлж, үүгээрээ улс үндэсний төдийгүй тив дэлхийн олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан. Энэ бол манай сургуулийн багш нарын уйггүй хичээ зүтгэлийн үр дүн юм.

Эх сурвалж: www.edunews.mn

Ч.Самбуу-Ёндон: Өвөрхангайн сурагчид ЭЕШ-ын оноогоор улсад дээгүүрт ордог    



Edunews.mn    

27/09/2016 15:53