03 сарын 24
Улаанбаатар -8°C

Т.Амаржаргал: Их, дээд сургуулиуд төгсөгчдийн судалгаанд үндэслэн сургалтаа сайжруулна

05/10/2016 12:18

Б.Оргил

Манай улсын ажилгүй иргэдийн цөөнгүйхувийг их, дээд сургууль төгссөн ажилгүйчүүд эзэлж байдаг. Тиймээс дээд боловсролын салбарын чанарын шинэчлэлийн хүрээнд их, дээд сургуулиуд төгсөгчдийг мөшгих судалгаа хийж, түүндээ үндэслэн сургалтын чанараа сайжруулах,хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарах ажээ.  Энэ тухай БСШУСЯ-ны Дээд боловсролын Хэлтсийн дарга  Т.Амаржаргалтай ярилцлаа.

ээд боловсролын чанарын ши­нэч­лэл 2012 оноос эрчим­тэй хийгдэж байна. Их, дээд сургуулиуд бүтэц зохион байгуулалтаа өөрчлөөд, сургалтын чанарыг сайжруулах шинэ аргад  суралцаад явж байна. Энэ удаагийн “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” үндэсний  зөвлөх үйлчилгээ маань боловсролын салбарын чанарын шинэчлэлтэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-Дээд боловсролын салбарт боловсролын чанарын шинэчлэлийн ажлууд эрчимтэй хийгдэж байна. БСШУСЯ Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр сүүлийн жилүүдэд “Дээд боловсролын шинэчлэл” томоохон төслийг хэрэгжүүлээд явж байна. Боловсролын салбарын үр дүнг ярихын тулд манай төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр манай төгсөгчид хэр амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байна вэ гэдгийг ярих нь  маш чухал асуудлын нэг болоод байна. Эдгээр хүмүүсийг ажилтай, орлоготой  байлгахын тулд сургалтын бүхий л үйл ажиллагааг чиглүүлэн явуулж байгаа. Тиймээс дээд боловсролын салбарын шинэчлэлийн төслийн ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь  хөдөлмөрийн зах зээл дээрх төгсөгчдийн мөшгөх судалгааг хэрхэн хийх вэ  гэдэг гарын авлага, аргачлалыг боловсруулах байсан. Энэ нь судалгаа хийхээс илүүтэй тэр судалгааг хэрхэн хийх вэ гэдэг арга зүйг гарган ирж, их, дээд сургуулиуд үүнийгээ тогтмол хийдэг, судалгааныхаа үр дүнд үндэслэн сургалтынхаа үйл ажиллагааг сайжруулдаг, хөтөлбөрөө шинэчилдэг  чиглэл рүү хандуулах юм.

-Саяхан Ази, Европын орнууд сургалтын чанараа хэрхэн үнэлдэг тухай хуралд оролцоод ирсэн гэж сонссон. Энэ талаар товч мэдээлэл дуулгаач?

-Бид саяхан Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж байгаа Азийн улс орнууд өөрсдийн сургалтын үр дүнг хэрхэн тодорхойлох вэ, үр дүнг хэрхэн бий болгох вэ гэсэн хуралд оролцоод ирсэн. Мөн Ази, Европын орнууд сургалтын үр дүнгээ хэрхэн үнэлэх вэ гэсэн хоёр хуралд Герман руу яваад ирлээ.  Германы АСЕАН байгууллагаас энэ арга хэмжээг жилд  дөрвөн удаа зохион байгуулдаг юм байна. Манайх гишүүн орон биш ч гэсэн дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд хамтарч ажиллах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд манай Магадлан итгэмжлэх байгууллагуудыг чадавхижуулна. Мөн их, дээд сургуулиуд зарим хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэхэд зориулсан тайлангаа хэрхэн зөв бичих вэ, хийж байгаа ажлынхаа мөн чанарыг хэрхэн гаргаж ирэх вэ гэдэг тал дээр их, дээд сургуулиудад аргачлал, зөвлөмж өгөх зорилгоор энэ ажлыг хийх гэж байна.  

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 5-6 зүйлийг тодорхой заасан байдаг. Түүний хамгийн эхнийх нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэнг бэлтгэнэ. Эрэлтэд нийцсэн мэргэжилтэнг бэлтгэхийн тулд тухайн сургуулийн төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээнд  нийцэж байна уу, үгүй юу гэдгийг судлаад тааруухан байвал цаашид  сайжруулаад явах зарим асуудалдаа анхаараад явахад  энэхүү  сургалт маань чухал ач холбогдолтой юм.

Европт хийж байгаа түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд чанарын хяналт, чанарын баталгаажуулалт гэж хоёр зүйлийг  хийж байгаа. Одоо манайд дутагдаад байгаа зүйл нь их, дээд сургуулиудын сургалтын чанарын хяналтын систем их сул байгаа. Өмнө нь манайд дотоод хяналт үнэлгээний газрууд байсан. Гэхдээ яг сургалтын процессийн чанарыг хянадаг, тэрийг үнэлдэг процесс үнэхээр сул байгаа юм. Үүнийг бид сайжруулах хэрэгтэй. Тэгж байж үйл явц сайжирна. Өмнө нь хийж байсан ажлууд гол төлөв барилга байшинтай юу, хөтөлбөртэй юу гэх мэт орц талдаа анхаарч байсан бол одоо сургалтын процесс, хэрэгжилт, явц талдаа илүү анхаарал хандуулж  ажиллах юм.

Чанарын баталгаажуулалт, үнэлгээ гэдэг нь эцсийн үр дүн нь чанартаа гарч байна уу, үгүй юу гэдгийг хянана гэсэн үг. Тиймээс энэ арга хэмжээнд манай Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нараас нийт 10 хүн явж энэ үйл ажиллагаатай танилцсан.

-Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад төгсөгчдийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал их чухал үүрэг гүйцэтгэх нь гэж ойлгож болох уу?

-Төгсөгчид маш их чухал байна. Их, дээд сургуулиуд төгсөгчидтэйгээ хэр уялдаа холбоотой ажиллаж байна. Тэднээсээ  эргээд судалгаагаа авдаг, шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэдэг, зөвлөгөө мэдээллээр хангадаг байдал нь гадны улс орнуудад их чухал байна. Манай оронд их, дээд сургуулиуд энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа ч төгсөгчдөд оруулж байгаа хувь нэмэр нь харилцан адилгүй байна. Хатуухан хэлэхэд, дээд боловсролын сургалтын үйл ажиллагаагаар бизнес хийж байгаа газар ч байна. Гадны улс орнуудад төгсөгчидтэйгээ ажиллах байдал нь харьцангуй сайн байна. Төгсөгчид нь  багштайгаа, сургуультайгаа маш сайн холбоо харилцаатай болсон байна. Багш нар нь төгсөгчидтэйгөө хамтраад судалгаагаа хийдэг, төгсөгчид нь мэргэжлээ дээшлүүлдэг, эргээд ажил олгогч болохдоо сайн боловсон хүчин авахын тулд буцаад сургууль руугаа  ханддаг ийм тогтолцоог бүрдүүлсэн байна.

Дэлхийн бусад орнуудыг харахад яг энэ хүн төгсөөд юу хийх вэ гэдэг хөдөлмөрийн зах зээл дээрх үр дүнгээ эхлээд тодорхойлдог болсон байна. Гэтэл манайхан мэдлэг олгох тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Эзэмшсэн мэдлэг, боловсролоо хөдөлмөрийн зах зээл дээр хэрхэн ашиглах вэ гэдэг нь дутмаг байна. Тиймээс онолын мэдлэгийг хөдөлмөрийн зах зээл дээр, ажил дээр гараад хэрхэн ашиглах вэ гэдэг мэдрэмжийг оюутан ахуй цагт нь, сургуулийн ширээний ард олгох ёстой. Үр дүнд суурилсан сургалт гэдэг нь  энэ асуудал руу чиглэх юм.

Өнөөдрийн энэ хэлэлцүүлгээс их, дээд сургуулиуд юуг олж харах вэ гэхээр манай төгсөгчид зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна уу, хэрэв хангаагүй бол бид цаашид юу хийх вэ гэдгийг олж харахад энэ судалгаа их чухал ач холбогдолтой  юм. Энэ судалгааг хийх аргачлалыг бид их сургуулиудад өгч байна.  

-Энэ сарын 5-нд Монголын багш нарын баярын өдөр тохиох гэж байна. БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсээс их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад зориулсан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аргачлалыг гардуулан өгч байна.  Тиймээс та ярилцлагынхаа төгсгөлд багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлээч?

-Баярлалаа. Монгол Улсын Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн багш нарын баярыг  жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт оруулсан байдаг.  Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аравдугаар сарын 5-нд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.  Тиймээс боловсролын салбарын нийт удирдлага, багш, ажилчид, албан хаагчид та бүхэндээ ЮНЕСКО-оос "Дэлхийн багш нарын өдөр" тэмдэглэж эхэлсний 20 дахь жил, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлэн, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

Эх сурвалж: WWW.EDUNEWS.MN

Т.Амаржаргал: Их, дээд сургуулиуд төгсөгчдийн судалгаанд үндэслэн сургалтаа сайжруулна    



Edunews.mn    

05/10/2016 12:18