03 сарын 18
Улаанбаатар -3°C

Сургалтын төлбөрийн зээлийг 70-н мянган оюутанд олгоно

20/10/2016 17:59

 

     Монгол улсын засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан.  Боловсролын зээлийн сан байгуулагдсанаар их, дээд сургууль коллежийн оюутнууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах нийгмийн нөхцөл боломж бий болж байна. Оюутны хөгжлийн зээл нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх аж. Сургалтын төлбөрийн зориулалтай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкууд олгоно. Зээл нь энэ сараас эхэлсэн бөгөөд нийтдээ 70-н мянга орчим оюутанд олгох ажээ. Тухайн их, дээд сургууль, коллежиос тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээгээр оюутны хөгжлийн зээлийг олгоно. Оюутнууд суралцах хугацаандаа улирал бүр оюутны хөгжлийн зээлийг авч болно. Энэ тухай БСШСЯ-ны сайд Ж.Батсуурь “ Бакалаврын төвшинд суралцаж байгаа оюутнуудад зээл олгох боломжтой. Зээлийг олгох талаар арилжааны банкуудтай гэрээ хэлэлцээр хийж байна. Зээлийг зөвхөн сургуулийнх нь нэхэмжлэлээр сургуульд нь олгоно. Зээл нь жилийн 5 хувийн хүүтэй. 2017 оны төсөвт ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг төсөвлөөд их хуралд өргөн барьсан. Их хурал хэвээр нь батлавал бакалаврын төвшинд суралцаж байгаа оюутнуудад олгох боломж бүрдэнэ.”гэв. Мөн засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн “гурав” ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн “нэг” хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхлэнэ.

Зээлд хамрагдах оюутнууд дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-          Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;

-          Болвсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

-          Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

Хүү бууруулах болн богино хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-          Шинээр элсэн орссон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2,0 болон түүнээс дээш байх;

-          Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/

Урт хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байна.

Үүнд;

-          Их дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.

-          Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурлилах,

-          Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.

-          Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх хугацаанд байж болно.

-          Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш , тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч  дүн нь 3,0 болон түүнээс дээш байх.

Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.

Үүнд;

-          Зээл хүссэн өргөдөл

-          Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-          Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/

-          Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгажуулсан хуулбар;

Э.Ганаа

Эх сурвалж www.edunews.mn

Сургалтын төлбөрийн зээлийг 70-н мянган оюутанд олгоно    



Edunews.mn    

20/10/2016 17:59