03 сарын 24
Улаанбаатар 6°C

“Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр”-ийг танилцуулж байна

28/10/2016 21:01

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Гангийн урилгаар БНХАУ-д  айлчлах үед ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачдыг Хятад улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад 6 сараас 1 жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр”-ийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдаж болох тухай зааврыг та бүгдэд толилуулж байна. 

Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр

Ерөнхий мэдээлэл, зорилт

Энэхүү Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр нь манай орны авьяаслаг залуу эрдэмтэн, судлаачдыг Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуудад ажиллахад дэмжлэг үзүүлнэ. Мөн түүнчлэн хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын залуу авьяаслаг эрдэмтэн, судлаачдын хооронд харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд хоорондын урт хугацааны гадаад хамтын ажиллагааг мөн дэмжих болно.

Тавигдах шаардлага

1.      Монгол улсын  иргэн байх

2.      45 болон түүнээс доош настай байх

3.      5 жилийн эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, эсхүл докторын зэрэгтэй байх

4.      Англи, эсхүл Хятад хэлийг бүрэн эзэмшсэн байх;

5.      Эрүүл мэнд сайн байх;

6.      Хятадад бүтэн цагаар ажиллах үүрэг хүлээх;

7.      БНХАУ-ын хууль тогтоомж болон холбогдох бусад дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

Санхүүгийн дэмжлэг

1.      БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (цаашид ШУТЯ гэх) эрдэмтэн бүрт байр, даатгал болон хөтөлбөрийн хугацаанд гарах бусад зардалд зориулж сард 12500 юан олгоно.

2.      Санхүүжилтийг Хятадын хүлээн авагч байгууллагаар дамжуулан олгоно.

Өргөдөл гаргах

1.      Эрдэмтэн, судлаачид www.tysp.org цахим хуудаснаас хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч болно. Бүртгүүлсэний дараагаар тухайн ажлын байрыг сонирхож байгаа эрдэмтэн, судлаачид Хятадын холбогдох хүлээн авагч эрдэм шинжилгээний байгууллагатай шууд холбогдож Зөвшөөрлийн бичиг (Letter of Consent) авахыг хүснэ.

2.      Тухайн байгууллагаас Зөвшөөрлийн бичиг болон ажлын байрны өргөдлийн маягтыг хүлээн авсны дараагаар эрдэмтэн, судлаачид бөглөсөн Өргөдлийн маягт, Зөвшөөрлийн бичиг болон хүлээн авагч байгууллагаас өгсөн ажлын байрны өргөдлийн маягтыг Хятад улсын ШУТЯаманд цаасан хувилбараар хүргүүлж, Нэр дэвшүүлэх маягт(Recommendation Form) авахыг хүснэ.

3.      Эрдэмтэн судлаачид Өргөдлийн маягт, Зөвшөөрлийн бичиг, ажлын байрны өргөдлийн маягт болон Нэр дэвшүүлэхмаягтыг Хятадын хүлээн авагч байгууллагад хүргүүлнэ.

4.      БНХАУ-ын ШУТЯ өргөдлийн материалуудыг нь бүхэлд нь үнэлээд, үүнийгээ  үндэслэн сонгон шалгаруулалт хийнэ. БНХАУ-ын ШУТЯ сонгогдсон нэр дэвшигчдэд Батламж бичиг (Letter of Confirmation) олгоно. Энэхүү батламж бичгийг БНХАУ-ын ШУТЯ нь манай БСШУСЯамаар нь дамжуулан өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

5.      Хүлээн авагч байгууллага сонгогдсон нэр дэвшигчтэй Хөдөлмөрийн Гэрээ байгуулна.

6.  Виз хүссэн өргөдөл гаргах болон хил нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтны асуудлаар хүлээн авагч байгууллагатай холбогдоно.

Хугацаа

Одоогийн байдлаар материал хүлээн авах  хугацааг товлоогүй. Эрдэмтэд хэзээ ч өргөдөл гаргаж болно.  

Холбоо барих

Монгол улс

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: 51-260325

БНХАУ

Утас: 0086-10-68515510 

и-мэйл: tysp@cstec.org.cn

“Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр”-ийг танилцуулж байна    



Edunews.mn    

28/10/2016 21:01