03 сарын 24
Улаанбаатар 6°C

Японд хоёр оюутан 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болжээ

28/10/2016 21:16

Японы "Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургууль"-ийн Анагаах ухааны факультетад хоёр оюутан 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон сайхан үйл явдал боллоо.

Тус тэтгэлэгт Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас хоёрдугаар дамжааны оюутан Талгатын Тилеубек, Ганбаатарын Төмөржин нар сонгогдсон байна.

Хоёр оюутан маань тус сургуулийг төгсөх хүртэлх зургаан жилийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэлийн зардал, амьжиргааны зардал гээд тус бүр хамгийн ихдээ 30 сая иений тэтгэлэг олгох аж. Ирэх оны дөрөвдүгээр сараас Анагаах ухааны факультетийг шинээр нээн ажиллуулах гэж буй тус их сургууль нь олон улсад ажиллах анагаах ухааны мэргэжилтэнг бэлтгэх болон Ази дахь эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэх зорилгогоор Азийн улс орнуудаас 20 оюутныг суралцуулахаар шийдвэрлэсний дотор Монгол улсаас хоёр оюутан сонгогдсон байна.

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү хэлэхдээ:

-100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Японы Анагаах ухааны салбарт суралцана гэдэг бол туйлын ховор боломж. Энэ хөтөлбөрт Монгол улсаас хоёр ч оюутан сонгогдсон нь нэн баярлууштай явдал юм.

Япон улсын засгийн газар Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэх ажлыг идэвхийлэн дэмждэг бөгөөд сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын залуу эмч нарт мэргэжлийн дадлага туршлага суулгах зорилготой Япон Монголын сургалтын эмнэлгийг байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ удаад Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуульд суралцах хоёр оюутны тухайд Япон улсад сурч мэдсэн зүйлээ энэхүү сургалтын эмнэлэгт авч ирж хэрэгжүүлвэл туйлын их баяртай байх болно. Энэ алтан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ирээдүйн Монголын анагаах ухааны хөгжилд үр шимийг нь гаргаасай гэж хүсч байна" гэжээ.

Монголын хоёр залуу боловсон хүчнийг Япон улсын анагаах ухааны их сургуульд суралцуулж байгаа нь тус улсаас хэрэгжүүлж байгаа Монголын эрүүл мэндийн салбарт чиглэсэн боловсон хүчин болон техник технологийн харилцааны томоохон алхам билээ.

Б.Отгон

 Эх сурвалж: www.edunews.mn

Японд хоёр оюутан 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болжээ    



Edunews.mn    

28/10/2016 21:16