03 сарын 24
Улаанбаатар 6°C

Ц.Буянцогтоо: Төр хүчтэй байхын нэг үндэс бол яах аргагүй пропагандагийн бодлого

09/11/2016 19:15

 

 Монгол Улсын хөгжлийн гарц сэдвээр ШУТИС-ийн Нээлттэй инновацийн төвийн захирал Ц.Буянцогтоо  санал бодлоо хуваалцаж байна.

-Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнууд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг өрнүүлж байна. Аж үйлдвэрийн анхны хувьсгал уурын хөдөлгүүр нээснээр эхэлж байсан бол хоёр дахь хувьсгал цахилгаан энергийг нээж эзэмшсэнтэй холбоотой. Харин аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал мэдээллийн технологийн дэвшилтэй холбоотой. Яг өнөөдөр ид өрнөж байгаа дөрөв дэх хувьсгалаар IoT (Internet of Things) буюу Юмсын интернетийн технологи дэлгэрч буйгаас улбаалан өнөөг хүртэл оршиж ирсэн үйлдвэрлэлийн загвар бүхэлдээ өөрчлөгдөж байна.

           Дэлхийн хөгжлийг гүйцэхийн тулд бид яах ёстой вэ. Энэ асуултад мэргэжилтнүүд өөр өөрийн өнцгөөс янз бүрээр хариулах байх. “Мэдээж шүү дээ, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй, эс тэгвэл бид дэлхийг хэзээ ч гүйцэхгүй” хэмээн инженерүүд ам гарч магадгүй. Эдийн засагчид бас нэг өөр санал хэлэх байх. Санхүү, хөрөнгө оруулалтынхан эдийн засгийн либеральчлалыг яаралтай явуулж, санхүүгийн зах зээлээ нээж, төр бизнестэй элдвээр хутгалддагаа даруй зогсоох хэрэгтэй гэх вий. Боловсролын салбарынхан өөрийн салбарт яаралтай хувьсгалт өөрчлөлт хийхгүй бол болохоо байлаа л гэх болов уу. Тиймээ, эдгээр хариулт бүгдээрээ зөв байх. Өнөөдрийн манай нийгэмд ийм төрлийн эрэл хайгуул, хэлэлцүүлэг хаа сайгүй явж байна. Тэр хэрээр ахиц дэвшил гарч байгаа гэж итгэж байна.

Аливаа улсыг төр нь хөгжүүлэх үүрэгтэй

-Төр гэж юу юм бэ? Улс гэж юу юм бэ? гэх асуулт түгээмэл гардаг. Улс гэдэг бол тодорхой хил хязгаарын доторх газар нутаг, хүн ам, мал ахуй, газрын баялаг, төрийн институттэй, тусгаар тогтносон, хүний нийгмийг хэлнэ гээд бүдүүн багцаагаар тоймолж болох биз. Төр гэдэг бол тухайн улсын нийгмийг удирдан чиглүүлж байдаг институтуудын нийлбэр гэж болно. Германы философич Хэгелийн хэлснээр “Төр гэдэг бол этикийн идейг бодитойгоор хэрэгжүүлсэн тогтолцоо” ажээ. Тэгвэл, Макс Вебер “хуулиар хүч хэрэглэх монополь эрх бүхий нийгмийн институт”   гэсэн байна. Төрийн тухай онолын лекц унших гэсэнгүй, яриагаа өрнүүлэхэд нэмэр болгох үүднээс бүдүүн тоймоор суурь ойлголтын тухай дурдлаа.

Аливаа улсыг төр нь хөгжүүлэх үүрэгтэй гээд шулуухан хэлчихэж болно. Төр тэгсгээд саад тотгор бололгүйхэн холхон шиг байгаад өгвөл хувийн секторынхан бизнесээ хөгжүүлээд улс орныг мандуулаад өгнө гэдэг яриа бол огтоос буруу. Энэ бол арга ядсан хүмүүсийн үг болохоос, төр гэдэг тийм үүрэгтэй институт ерөөсөө ч биш.  Улс орны хөгжлийг төр нь удирдан манлайлж, цогцлоох ёстой. Тиймээс, төрийн институт хүчтэй байх нь хөгжил цэцэглэлт ирэхийн урьдач нөхцөл мөн. Төрийг, мэдээж хэрэг, тэнд ажилладаг хүмүүс бүрдүүлнэ. Төр хүчтэй байна гэдэг бол төрийн түшээд нь өндөр мэдлэг чадвартай, өндөр ёс суртахуунтай байх ёстой.  Төр гэдэг бол олон хүний төлөө, тухайн ард түмний төлөө ажилладаг институт. Тиймээс тэнд ажилладаг хүмүүс хувийн эрх ашгаас олны эрх ашгийг дээгүүрт тавих ёс суртахууны үүрэгтэй. Учир нь тэдний цалин, хангамжийг нийт олны татвараар төлдөг.

Хэн бүхний мэдэх энгийн зүйлийг ийн нуршиж байгаа минь бидний өмнө тулгарч буй олон асуудлыг шийдэхэд аливаа ойлголтыг суурь үндсээр нь авч үзэж, бодож эргэцүүлж байх шаардлагатай гэж  үздэгийнх.  Бидний монголчуудад хүчтэй төртэй байсан түүх бий. Төрт ёсны уламжлал гэж яривал Хүннүгийн Монголоос авахуулаад тухайн үедээ дэлхийг бүхэлд нь шахуу засаглаж байсан Чингисийн төрт улс хүртэл үргэлжилнэ. Харамсалтай нь, XV  зууны үеэс Манжийн төрийн захиргаанд орсон түүхтэй. Улмаар Зөвлөлтийн үед мөн л зарим талаар гадны нөлөөнд манай төр автаж явсан байдаг. Түүнээс гадна, Зөвлөлт маягийн социализм гэдэг тэр онол бол жирийн бус, гажуудсан онол байсан гэж үздэг. Тиймдээ ч, тэр систем бүхэлдээ нуран унасан бөлгөө.

Энэ бүхэн манай үндэстний туулж ирсэн түүх юм. Бид түүхээ сайтар судлах ёстой. Түүхийн явцад бидний төрт ёсны уламжлал гажуудаж, бидний тархи толгой бусдын зааврыг дагаж явсны харгайгаар төрөө засах ухаанаа алдаж, самуурсаны уршгийг өнөө бид их, багаар амсаж явна. Ардчиллыг амжилттай хөгжүүлж яваа гэдгээрээ өнөөгийн Монгол улс дэлхийд нэртэй ч, Монгол төрийн систем хүчтэй байж, хөгжил цэцэглэлтийн зам руу улс орноо оруулж чадсан гэж хэлэхэд хэцүүхэн байгаа нь бодит үнэн. Үүний нэг шалтгаан бол төрийн тогтолцоо маань сул дорой байгаатай холбоотой гэж би боддог.

“Социализмын үед их сайхан байсан юм, одоо л доройтчихлоо” гэж хэлэх гэсэнгүй. Ардчилсан он жилүүдэд ийм болчихсон ч хэрэг биш. Бидний өнөөгийн нүүр царай түүхэн шалтгаантай. Тиймээс, бид түүхээ эргэн сайтар судалж, тэндээс авах зүйлээ авч, сэргээн, бидний оюунд үлдсэн буруу мэдлэг, мэдээллийг таягдан хаяж, бие даасан оюун сэтгэлгээтэй үндэстэн болж төлөвших үйл явцыг түргэтгэх бодит шаардлага байна. Энэ ажлыг төр хийдэг юм. Энэ ажлыг төрийн түшээд хийх эрхэм үүрэгтэй.

Сонгууль, хүний эрхийн тогтолцоог шинэчлэх тал дээр чамлахааргүй амжилт гаргаж, ардчилсан төрийн институтийг амжилттай цогцлоож яваа ч, нам төвтэй төр болон хувирч, сонгуулиар эрх барих нам солигдох бүрт хэдэн арван мянгаар төрийн албан хаагчдаа халж ажилгүй болгодог маш муу практик өнөөгийн манай төрд бодитүзэгдэл болон хэвшжээ. Төрийн бодлогын залгамжит чанар байхгүй шахам боллоо. Энэ бол маш гунигтай явдал. Гунигтай гэхээсээ, гамшигт дүр зураг гэвэл зохилтой. Уг нь төрийн бодлого үндэсний эрх ашгаа дээдэлж, залгамжит чанарыг хадгалан тасралтгүй, эрчимтэйгээр хөгжил цэцэглэлтийн төлөө явах ёстойсон.  

Энэ байдал бол манай улсын хамгийн том асуудал гэж үзэж байна. Манжийн үе, Зөвлөлтийн социализмын үеэр дамжин ирсэн монголчууд бидний сэтгэлгээ, мэдлэгийн системд авах ч зүйл бий, бас хаях ёстой зүйл ч их бий. Ардчиллаар замнасан он жилүүдэд бид шинэчлэх ёстой бүх зүйлийг, ялангуяа мэдлэгийн системээ бүхэлд нь шинэчилж амжаагүй явна. Боловсролын системээ бүрэн гүйцэд шинэчилж чадсан уу гэвэл би хувьдаа “бүрэн чадаагүй, суурь чанартай шинэчлэл явагдаж амжаагүй” гэж хэлнэ. Ялангуяа, нийгмийн шинжлэх ухаан, социализмын үед огт орж ирээгүй философи тэргүүтэй либераль боловсролын агуулгыг шинээр нутагшуулах ажил маш ихээр хоцрогдож яваа. Энэ бүхэн төрийн байгуулалтын шинэчлэл,  улстөрийн сэтгэлгээ, нийт ард түмний боловсролын түвшинд нөлөөлсөөр байна.

Европ, Азийн олон орон үйлдвэржсэн, орчин үеийн эдийн засагтай улс болон хөгжсөн байдаг

-Англиас эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалыг дэлхий даяар улс орон бүр өөр өөрийн онцлогт тааруулан хийж, амжилт олж чадсан нь хөгжилтэй орны тоонд орсоор өнөөдрийг хүрч ирлээ. Улс орнуудын хөгжлийн түүхийг харьцуулан судалсан олон эрдэмтэд үйлдвэржилтийн чухлыг онцлон тэмдэглэдэг. Ялангуяа, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эхэлсэн хүйтэн дайны эрин үед өрнөсөн аж үйлдвэржилтийн давалгаагаар Европ, Азийн олон орон үйлдвэржсэн, орчин үеийн эдийн засагтай улс болон хөгжсөн байдаг. 

Хүйтэн дайны үеийн нэг онцлог бол Зөвлөлт Холбоот улс, Америкийн Нэгдсэн Улсаар тус бүр толгойлуулсан хоорондоо үл эвлэрэх хоёр лагерийн хоорондын тэмцэл үнэн хэрэгтээ эдийн засгийн хөгжлийн уралдаан болж байв. Харамсалтай нь, бидний замнаж ирсэн Зөвлөлт лагерийн сонгосон социализм гэх тэр “утопи загвар” оршин тогтнох үндэсгүй хэмээгдэн эцсийн дүндээ нуран унасан бөлгөө. Тиймээс, тэрхүү системийн золиос болсон манай улс сүүлийн 26 жил бие даан чөлөөт зах зээлийн капитализмыг хөгжүүлэхээр чармайн зүтгэж ирлээ.

Америк тэргүүтэй капиталист лагерьт харъяалагдаж байсан Европийн орнууд, Зүүн Азийн орнуудад аж үйлдвэржилтийн хувьсгал амжилттай явагдаж хөгжилтэй нийгмийг байгуулж чадсан түүхтэй. 1950, 60-аад оны үед хоёр лагерийн хоорондын эдийн засгийн өрсөлдөөн ид хүчээ авч байжээ. Тухайлбал, Азид гэхэд америкчууд Японыг капиталист лагерийн үлгэр жишээ орон болгон харуулах зорилгоор эдийн засгийн хөгжлийг нь онцгойлон дэмжиж, дайны дараахь нуранги дороос асар богино хугацаанд эдийн засгийг нь босгож ирсэн байна. Өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжилд мөн л АНУ, Японы дэмжлэг томоохон байр суурь эзэлдэг байна.

Зураг 1-д Ростовын эдийн засгийн өсөлтийн үе шатуудыг харуулав.

   

Хэдийгээр аливаа улсын хөгжлийн түүх тухайн цаг үедээ таарсан өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, өвөр хоорондоо ялгаатай байдаг ч, бид бусад орны туршлагыг сайтар анхааран судалж, өөрсдийн онцлогтой жишиж үзэж байх хэрэгтэй юм. Төрийг бэхжүүлэх (State building), үндэстнийг бүтээх (Nation building) гэдэг ихээхэн нарийн төвөгтэй үйл хэрэг бөгөөд тодорхой онолын мэдлэг дээр үндэслэдэг, динамик шинжтэй үйл явц юм.

1960-аад онд АНУ-ын гурван ч ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Волт Ростов хэмээх эдийн засагч эрдэмтэн “Эдийн засгийн өсөлтийн үе шатууд” хэмээх номдоо улс орнуудын эдийн засгийн хөгжлийн статусыг таван шатлалаар ангилж үзжээ.

Уламжлалт нийгэм, шилжилтийн үе, хөөрөх буюу газраас тасрах, боловсорч гүйцэх, өндөр түвшний масс-хэрэглээний үе гэсэн таван үе шатыг тодорхойлжээ.Кап, Соц хоёр лагерийн бие биенээс давах гэсэн эдийн засгийн өрсөлдөөн ид явагдаж байсан 1950,1960-аад онд АНУ-ын гурван ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсны хувьд В.Ростов өөрийн дэвшүүлсэн онолдоо зөвхөн эдийн засгийн онолын шинжилгээ, үндэслэгээ дэвшүүлээд зогссонгүй, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх бодлогын хүрээнд дорвитой судалгаа явуулжээ. Тиймээс, Ростовын үечлэлээр манай эдийн засаг чухам аль шатандаа явааг тодорхойлох гэж оролдох нь зүйтэй байх. Магадгүй, манай эдийн засагт тэрхүү таван үе шат бүрийн шинжүүд ямар нэг хэмжээгээр илэрч байж болно.Гурав дахь үеийг “Хөөрөх” буюу “газраас тасрах” хэмээсэн нь эдийн засгийн хөгжлийг онгоц хөөрөхтэй зүйрлэжээ. Газраас тасрах шатандаа орсон эдийн засагт өсөлт хэвийн нөхцөл болдог байна. Хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбарт шинэ технологи нэвтэрч, хөдөө аж ахуй бүхэлдээ арилжааны тогтолцоонд шилжиж, фермерүүд шинэ өөрчлөлтийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэлтэй болдог ажээ. Хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийн дэвшил бол “газраас тасрахын” үндсэн нөхцөл болно.

Ростовын номд Англи, Франц, АНУ, Герман, Япон зэрэг эдийн засгууд хөөрөх хүртлээ ямар онцлогтой байж, аль хэр хугацаа зарсан тухай бичжээ. Манай хөдөө аж ахуйн салбар үндсэндээ нэгдүгээр шат буюу уламжлалт нийгмийн үе шат дээр яваа нь мэдээж илэрхий. Хөдөө аж ахуй манай эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг ч, бүтээмж өндөртэй орчин цагийн үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд дэд бүтэц, технологи, хүний нөөцийн бэлтгэл гээд олон талт шинэчлэлийг явуулах замаар модернизацийг өрнүүлэх шаардлагатай. Энэ бол Ростовын онцолсоноор “газраас тасрах” урьдач нөхцөл болно.Тиймээ, хөдөө аж ахуй бол манай эдийн засгийн тулгуур салбар. Манай эдийн засгийн модернизаци энэ салбараас эхлэх ёстой. Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад гээд Азийн эдийн засгуудын хөгжлийг цаг хугацааны дагууд Ростовын үечлэлээр авч үзэхэд бүгдээрээ адилхан гэмээр хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлээс бүхнийг эхлүүлжээ. Түүний хажуугаар боловсруулах үйлдвэрийн салбараа хөгжүүлж, экспортыг эрчимжүүлэх замаар эдийн засгийн модернизациа өрнүүлж ирсэн нийтлэг гальбир харагдаж байгаа юм.

Монгол улс ч гэсэн, энэ л замаар явах ёстой болов уу. “Айлын хүүхдүүдийн” хийж бүтээснийг судалж, суралцаж байгаад яаж ийж байгаад “тасарчих” юмсан.

Ард түмнээ соён гэгээрүүлэх гэдэг бол төрийн хамгийн чухал үүрэг

-Ард түмнээ соён гэгээрүүлэх гэдэг бол төрийн хамгийн чухал, эрхэм үүргийн нэг. Соён гэгээрэлийн төлөө хүн төрөлхтөн уртаас урт тэмцэл хийж ирсэн түүх бий. Энд миний бие соён гэгээрэл гэдгээр ард түмнээ модерн цагийн мэдлэг, боловсролтой, үндэстнийхээ амбиц, эрхэм хүслийг ойлгож мэдэрсэн, үндэсний гэсэн ондоошилтой (national identity), дэлхийн улсуудтай өрсөлдөх чадвартай үндэстнийг бүтээхийн төлөө төрөөс бий болгох ёстой экосистем гэж тоймлон тодорхойлж байна.

Төрийн соён гэгээрэлийн экосистем дотор заавал авч үзэх ёстой нэгэн ойлголтыг энд хөндөхийг хүслээ. Тэр бол State Propaganda буюу Төрийн пропаганда юм. Төрийн пропаганда гэдэг бол төр өөрийн зорилгоо ард түмэндээ сайтар ойлгуулж, төр, ард түмний дунд нэгдмэл ойлголт, зөвшилцөлийг бий болгох зорилгоор явуулдаг харилцааны томоохон хэрэгсэл гэж ойлгож болно.

Төрийн пропагандагийн тухай В.Липпман 1922 онд “Олон нийтийн санал бодол” гэдэг ном гаргасан нь орчин цагийн сайэнсэд энэ сэдвийг авч үзсэн бараг анхны тохиолдол болов уу. Липпманий хэлснээр масс медиа бол бодит ертөнц ба бодит ертөнцийн талаарх олон нийтийн танин мэдэхүй хоёрыг холбох үүрэгтэй ажээ. Масс медиа, урлаг, соёл, түүхийн контентуудад төр оролцож байх ёстой. Чиглүүлж байх үүрэгтэй. Мэдээж ардчилсан төр бол ардчиллын зарчим дээр суурилж тэрхүү үйл ажиллагааг явуулах тогтолцоотой байх нь ойлгомжтой.

Төрийн пропагандагийн түүхэн жишээ олныг дурдаж болно. Нацист Германий пропаганда бол маш том жишээ. Гэхдээ, пропагандаг сөрөг утгатай гэх ойлголт манай түрүү үеийнхэнд түгээмэл байдаг. Тийм биш юм. Өнөөгийн өндөр хөгжилтэй ардчилсан улсын төрүүд пропагандагаа өнөөдөр ч гэсэн явуулсаар байна. Бид тэдний пропагандаг сайн, муу гэж тодорхойлохдоо гол нь биш, учрыг нь ойлгож, өөрсдийн системтэй харьцуулж, түүнийгээ хэрхэн сайжруулах тухай бодож сэтгэх учиртай биз ээ.

Хүйтэн дайны үеийн хоёр лагерь биесийн эсрэг чиглэсэн пропагандаг дотоод, гадаад руу хандан маш эрчимтэй явуулж байсан юм. Зөвлөлтийн тал пропагандадаа нөгөө талаасаа дутахааргүй түвшинд байсан мэт байдаг. Зөвлөлтийн талыг энх тайвныг баримтлагч, Америк лагерийг дайнаар хөөцөлдөгч хэмээн тодорхойлон сурталчилж, тэр нь ч амжилттай болж, кап орнуудад хүртэл хүчтэй нөлөөлж байсан гэж ярьдаг. Америкийн Холливүүдийн кинонд геополитикийн агуулгатай, төрийн пропаганда шингэсэн уран бүтээл цөөнгүй бий. Ер нь аль ч улсын төрийнх нь пропагандаг ажиглаад үзэхэд үндэстнийхээ төлөө гэсэн үзэл санаан дор өөрийн гэсэн онцлогтойгоор, зориудын бодлоготойгоор явуулж байдаг нь илт мэдэгддэг.

Монгол төрийн пропагандагийн бодлого гэж байх ёстой. Тэр бодлогоо манай төр гаргах ёстой. Төр хүчтэй байхын нэг үндэс бол яах аргагүй энэ сэдэв мөн. Энэ сэдвийг хөндөж ярихлаар манай урлаг, соёл, медиагийн томоохон зүтгэлтнүүд “энийг чинь би хийх ёстой, бид нар хийх ёстой ажил” гээд дайрчих гээд байдаг талтай. Энэ огт буруу ойлголт юм шүү. Төрийн институт маань эмх цэгцтэй бодлого боловсруулж байж хийх ёстой зүйл. Төрийн бодлого юм хойно, тэнд нууцлах ёстой зүйлүүд ч байх учиртай.

Монголын хөгжлийн асуудал, түүнд нэмэрлэх шийдлийн тухай санал болгож, өөрийн өнцгөөс саналаа нэмэрлэлээ. Болгоогтун. Үргэлжлүүлэн санал солилцож, хэлэлцэхэд ямагт бэлэн байх болно.

Эх сурвалж: www.edunews.mn

Ц.Буянцогтоо: Төр хүчтэй байхын нэг үндэс бол яах аргагүй пропагандагийн бодлого    



Edunews.mn    

09/11/2016 19:15