03 сарын 24
Улаанбаатар 6°C

Facebook байр сууриа хэвээр хадгалав

06/06/2017 19:03

Google, Apple, Microsoft, Amazon болон Facebook компаниуд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн жагсаалтын эхний тавд бичигджээ. Энэ тухай Их Британийн WPP болон Kantar Millward Brown компаниудаас жил бүр хамтран гаргадаг  “The BrandZ Global Top 100” хэмээх илтгэлд дурдсан байна. Эхний гуравт энэ онд өөрчлөлт ороогүй бол Amazon компани санхүү, бизнесийн үзүүлэлтүүдээ сайжруулснаар  дөрөвдүгээр байрт  жагсав. Харин Facebook байр сууриа хэвээр хадгалсан байна. Дээр дурдсан таван компанийн ашиг нь уг чансаанд бичигдсэн нийт 100 компанийн ашгийн 25 хувийг эзэлж буй. “The BrandZ Global Top 100”-ын жагсаалтын эхний байруудыг инновацид тулгуурласан интернетийн томоохон компаниуд эзэлдэг” гэж BrandZ-ийн захирал Питер Волш ярьжээ.

Судалгааны явцад дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг гурван сая гаруй хүний дунд дэлхийн зах зээл дээрх 120 гаруй мянган брэндийн талаар санал асуулга явуулсан байна. Түүнээс гадна компаниудын санхүүгийн болон бизнесийн үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.

1971 онд байгуулагдсан WPP компани нь зар сурталчилгаа, олон нийтийн харилцааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Kantar Millward Brown пүүсийг эзэмшдэг бөгөөд тус пүүс нь брэндийн судалгааг явуулахаас гадна брэндийн стратеги, зар сурталчилгааг оновчтой болгох, брэндийн хөрөнгийн судалгааны чиглэлээр зөвлөгөө өгдөг аж.

                                                                                                                Эх сурвалж www. Edunews.mn

 

 

 

Facebook байр сууриа хэвээр хадгалав    



Edunews.mn    

06/06/2017 19:03