03 сарын 18
Улаанбаатар -3°C

Мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэх анги элсэлтээ авч эхлэв

26/02/2019 14:34

Монгол Улсын Боловсролын Их сургууль /МУБИС/-ийн хичээлийн тавдугаар байрыг ашиглалтад оруулж, өнөөдөр нээв. Тус өргөтгөлийн барилгад Монгол Улсын боловсролын ууган сургууль болох Багшийн сургуулийн Урлагийн тэнхмийн багш, оюутнууд болон сүүлийн 20-иод жил тасарсан мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэх анги  хичээллэх аж.

Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-д улсын хэмжээнд 1000 гаруй дуу хөгжмийн багш дутагдалтай гэсэн статистик мэдээлэл бий. Монгол Улсад дуу хөгжмийн багшийн ангийг 1962 онд Багшийн сургуульд нээж, 1992 оныг хүртэл нийт 700 гаруй багш бэлтгэжээ.  Өнгөрсөн оны 7 дугаар сард шаваа тавьсан, МУБИС-ийн тавдугаар байрны таван давхар барилга ийнхүү ашиглалтад орсноор хичээлийн 15 анги танхим, оюутанд үйлчлэх газар, цайны газар, биеийн тамирын заал бүхий 2750 гаруй ам метр талбай нэмэгдэж байна.

Шинэ сургуулийг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн Б.Баярсайхан хэлэхдээ, “Манай улс эдийн засгийн хямралаас илүү ёс суртахууны хямралд ороод байна. Эх орондоо хайртай хүмүүнлэг иргэн бэлтгэхэд хамгийн том үүргийг хөгжмийн багш нар гүйцэтгэдэг. БСШУСЯ-наас зарласан нэн шаардлагатай мэргэжлийн нэг нь дуу хөгжмийн багш. Тиймээс энэ сургуулийг төгсөгч хүн бүр 100 хувь ажлын байраар хангагдана. Энэхүү эрдмийн өргөөнд суралцагчдаас улс эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдартан олноор төрнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Багшийн сургуулийн дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг СГЗ, хөгжмийн зохиолч Д.Жанчив, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Б.Шарав, Г.Равдан нарын олон алдартан төгсжээ.

Мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэх анги элсэлтээ авч эхлэв    



Edunews.mn    

26/02/2019 14:34