03 сарын 24
Улаанбаатар 6°C

ЕБС-ийн хөтөлбөрийн агуулгыг судлах шилдэг эрдэмтдийн баг ажиллана

26/02/2019 14:44

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан зэрэг харьяа байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тэрбээр хууль эрх зүйн орчныг энэ онд цогцоор хийн, нийт 13 хууль, Засгийн газрын 20 тогтоолыг  батлуулна. Дараагийн гол анхаарах чиглэл нь хөрөнгө оруулалтын асуудал. Нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн дарга нар хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хувиар хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл хугацаа хоцорвол хариуцлагыг боловсролын газар хэлтсийн дарга хамт хүлээнэ гэдгийг сануулав.  

Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын “Цөм” хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар голчлон ярилцлаа. Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ. Нийслэл дүүргийн боловсролын газрууд багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөрүүлэх талаар сайд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хавар ЕБС-ийг 18000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2.5 дахин буурч байгаа үзүүлэлт юм. Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлагатай учраас огт магадлан итгэмжлэгдээгүй 14 их, дээд сургууль үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болгов.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дарга Д.Сүрэнчимэг байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулав. 2012 онд ашиглалтад орсон Багшийн хөгжлийн ордонг тус байгууллага аж ахуйн талаас нь хариуцдаг.  Урсгал засварын асуудал тулгамдаж байгааг дурдлаа. Салбарын сайд 5 байгууллагын 200 гаруй хүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв.

БСШУСЯ 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Сайд байгууллага бүрт хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, үлгэрлэн ажиллаж салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөхийг санууллаа. 

ЕБС-ийн хөтөлбөрийн агуулгыг судлах шилдэг эрдэмтдийн баг ажиллана    



Edunews.mn    

26/02/2019 14:44